Хайх

PFW: Anthony Vaccarello, Jacquemus

PFW: Anthony Vaccarello, Jacquemus

Хавар-зун 2016

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

“Их дөрвөл”-ийн сүүлийн загварын долоо хоног Парист эхлэлээ. Эхний өдрүүдийн сонирхолтой шоунуудыг тоймлон хүргье

Anthony Vaccarello

Донателла Версачегийн шавь Энтони Ваккарелло аливаа материалуудаас илүү хүний арьсыг эрхэмлэдэг билээ. Өөрөөр хэлбэл түүний цуглуулгад хүний бие өмссөн хувцаснаас нь дутахааргүй чухал ач холбогдолтой байдаг. Шинэ цуглуулгын ихэнх загварууд цэргийн хэв маягтай байсан ч дизайнер загвар өмсөгчдийн биений хэсгүүдийг үзэсгэлэнтэйгээр ил гаргалаа. Энэ удаагийн юбканы оноо урьд өмнөхөөсөө илүү аюултай болж, үзэгчдийн анхаарлыг ихээр татжээ. Түүнээс гадна цэргийн хүрэм, урт жийнсэн өмд, эмэгтэй хүний хөрөг зурагтай даашинз гэх зэрэг сонирхолтой загварууд тайзнаа гарлаа.

Тэгш бус хэлбэртэй, өвөрмөц бөгөөд гүнзгий оноотой, дотуур хувцас ил гаргасан юбканууд цуглуулгын гол "баатрууд" байсан юм. Тэд моделиудын бие дээр ганцхан төмөр цагирганы ачаар тогтож буй мэт харагдах болно. Харин богино комбинзон санагдуулам пиджакууд Ваккареллогийн цуглуулгад тачаангуй байдал нэмлээ.



Jacquemus

Симон Порт Жакмюс загварын шоу болгоныхоо үеэр шинэ цуглуулга танилцуулахаас илүүтэйгээр хувцасны загваруудаар дамжуулж өөрийн сэтгэл санааны байдлыг үзэгчдэд харуулдаг. Харин шинэ улирлын цуглуулгыг бүтээж байхдаа тэрбээр тийм ч цовоо байгаагүй бололтой. Хаврын цуглуулга урьд өмнөх шиг ээ өвөрмөц бас сайхан болсон ч нэг л гунигтай мэдрэмж төрүүлж байлаа.

Энэ удаагийн хоолойтой цамцнууд, буруу газар зүүлгэсэн зангиа, далийсан хүрэм болон муруй оёсон хослол даашинзууд гэх загваруудыг харахад дизайнер их яарч хийсэн юм шиг, дутуу харагдлаа. Мөн Жакмюсын ашигласан бараан цэнхэр ба улаан, хар ба цагаан гэх цэвэрхэн, энгийн өнгийн хослолууд хүртэл цуглуулгад баяр баясгалан нэмсэнгүй. Харин бидний хайртай загвар өмсөгч Сол Госс цагаан нарийн зурааснуудаар будагдсан цэнхэр хослолтой гарч ирэхэд тайзнаа бага ч гэсэн сэргэг уур амьсгал үүслээ.

цааш үзэх