PFW: Maison Margiela, хавар-зун 2016
Одтой нүд
Жон Гальяно өнөөг хүртэл хамтад нь байхыг төсөөлөхөд бэрх байсан зүйлсийг шинэ цуглуулгадаа нэгтгэжээ. Жишээ нь эмэгтэйлэг хослол, 1950-иад оны загвартай пальто зэрэг орсон. Эсвэл Япон стилийн кимоно, Дэвид Боуигийн хэв маяг ч харагдана. Энэ нь Maison Margiela болон этгээд Гальяно нарын нэгдэл болсон гэлтэй. Тэдний өмнөх театрын дүр төрх энэ удаад үлдсэн ч улирал ирэх бүр тэд илүү органик харагдаж эхэлсэн нь магадгүй бид дассаных байж болох юм. Шинэ цуглуулгыг өмнөх цуглуулгын алиалагч мэт нүүр будалттай моделиудтай харьцуулвал бараг л адилхан болжээ. Мөн илүү нарийвчилж харах хүсэл төрөхөөр болсон санагдлаа.
Ихэнхи зүйлс нь тийм ч тэгш биш бөгөөд зарим нь амжилтгүй болсон гэмээр юм. Жишээ нь нэг моделийн нэхмэл даашинзны хормойд оёсон уут зохимжгүй харагдаж байлаа. Гэвч танилцуулгын хаалтын үеэр харагдсан минималист үдшийн даашинзууд сайхан болжээ. Бие дагуу унах маалинган даавуун даашинзыг өргөн металлаг бүс эсвэл хаана нь ч хамаагүй уяж болохоор өргөн олсоор тогтоожээ. Хэдий эдгээр нь улаан хивсэн дээрхи хамгийн тохиромжтой төрх болохгүй ч зарим нэгэн хүн үүнийг өмссөн байхаар төсөөлж болохоор юм.
Мөн нэмж хэлэхэд өөр өөр хэсгүүдэд тор оруулж өгсөн байсан нь оймс, ханцуй болон хоёрдмол хүйсийн төрхөд зохимоор топ зэргээс харагдана. Гальяногийн хувьд санаатайгаар хоёрдмол харьцааг гаргасан бололтой. Арзайлгасан үс, мөнгөлөг одод, юбканы хормойд хатгасан мөнгөлөг дэлбээ гээд хүйсийн хатуу хил хязгаарыг биднээс холдуулж байгаа мэт. Энэ бүгдийг нэгтгээд бодоход бодит амьдралаас хол байдаг тайзан дээрхи тоглолтын хослолуудтай илүү адилхан болжээ.