Хайх

Парисын загварын долоо хоног: Miu Miu, хавар-зун 2017

Парисын загварын долоо хоног: Miu Miu, хавар-зун 2017

Ретро үймээн

Text: Buro.Mongolia


Зураг:

Миучча Прадагийн ретро охид Парисын загварын долоо хоногийг хаалаа

Усны малгай ба далайн эргийн алчуураа бэлдэж тавьсан уу? Miu Miu-гийн хавар-зуны цуглуулга дээр ажиллахдаа Миучча Прада нэлээд зүггүй, хөгжилтэй байсан харагдана. Түүний урласан дайны дараах үеийг санагдуулам, ретро маягийн зугаатай хувцаснууд хүрэлцэн ирсэн зочдын нүүрэнд инээмсэглэл авчирч, ирэх зуны хамгийн хүсэмжит загваруудаар тодорлоо. Асуудал, стрессээр дүүрэн орчин үеийн амьдралд юу ч бодолгүй, бүх юмнаас өөрийгөө чөлөөлөх нь юутай сайхан билээ дээ.

1960-аад оны сүүл ба 1970-аад оны эхэн үеийг илтгэх энэхүү өөдрөг уур амьсгал Прадагийн залуу настай давхцаж байгаа юм. Абстракт дүрслэл, хонины нүд цэцгийн хээ, богино цамц зэргээр тэр магадгүй өөрөө ч тухайн үедээ гоёдог байсан байж болох юм. Мөн түүний ээж ба эмээ 1940-ээд оны хээтэй даашинз өмсөх дуртай байсан нь шинэ цуглуулгад тусгагджээ.

Парисын загварын долоо хоног: Miu Miu, хавар-зун 2017 (фото 1)

Цуглуулгын загвар бүр далайн эргийн хэв маягтай, өндөр платформ бүхий сандаалтай хосолсноор загвар өмсөгчдийг тэнгэрт хүрэм урт хөлтэй харагдуулж байлаа. Хэрвээ сайтар ажиглавал тэдгээр сандаалууд нь дун ба далайн одны чимэглэлтэй болохыг олж харна. Түүнчлэн цуглуулгад багтсан 1950-аад оны хуниастай усны хувцас болон 1960-аад оны нарийн атлаа шулуун эсгүүртэй дэгжин пальтог анзаарахгүй байхын аргагүй байлаа. Ерөнхийдөө өчигдрийн загварын шоуны тод өнгөтэй, хээ хатгамлаар баялаг төрх бүр анхаарал татаж, уйдах зав гаргасангүй.

Парисын загварын долоо хоног: Miu Miu, хавар-зун 2017 (фото 2)

Ингээд Парисын загварын долоо хоногийн сүүлчийн өдрийг баяр баясгалангаар дүүргэж өгсөн Miu Miu-гийн хамт олонд баярласнаа илэрхийлж, нэг сарын турш үргэлжилсэн загварын марафонтой салах ёс гүйцэтгэе.

Au revoir, Paris!

цааш үзэх