Хайх

Шведийн загварын долоо хоног дээрх онцлох 5 брэнд

Шведийн загварын долоо хоног дээрх онцлох 5 брэнд

Хавар-зун 2022

Text: Buro.Mongolia


Стокгольмын хавар-зун 2022 загварын долоо хоногийн онцлох зүйл нь тогтвортой хөгжил болон техник, технологийн уялдаа холбоог гол зарчмаа болгон ажилласанд оршиж байлаа. Шведийн технологи, загварын салбарынхны үзэж буйгаар техникийн дэвшилтэт шийдлүүдийн тусламжтай хувцас үйлдвэрлэлтийн анхан үе шатууд буюу түүхийн эдийн нийлүүлэлт, тээвэрлэлт зэрэг нь илүү ногоон, байгальд ээлтэй болох боломжтой гэнэ. Тэдгээр үе шат нь хувцас үйлдвэрлэлтийн хүрээлэн буй орчинд үзүүлдэг сөрөг нөлөөний 80% бүрдүүлдэг байна. 

Jade Cropper

Шведийн загварын долоо хоног дээрх онцлох 5 брэнд (фото 1)
Шведийн загварын долоо хоног дээрх онцлох 5 брэнд (фото 2)
Шведийн загварын долоо хоног дээрх онцлох 5 брэнд (фото 3)

Бекманы нэрэмжит дизайны их сургуулийн төгсөгч Жейд Кропперын 2020 онд үүсгэн байгуулсан уг брэнд нь дахин боловсруулсан материал ашиглан, хээнүүдээ гар аргаар урладгаараа онцлог ба Жейд аль болох цөөн тоогоор чанартай, байгальд ээлтэй бүтээгдэхүүнүүдийг гаргахыг зорьдог байна. Брэндийн хавар-зун 2022 цуглуулгад хар, саарал өнгө давамгайлсан бүтээлч хайчилбаруудтай загварууд зонхилжээ.

Remake Stockholm

Шведийн загварын долоо хоног дээрх онцлох 5 брэнд (фото 4)
Шведийн загварын долоо хоног дээрх онцлох 5 брэнд (фото 5)
Шведийн загварын долоо хоног дээрх онцлох 5 брэнд (фото 6)

Дизайнер Мари Тейке нь хуучин хувцасны салбарт үйл ажиллагаагаа явуулдаг, ашгийн бус Stockholm’s Stadsmission компанитай хамтран Remake Stockholm брэндээ үүсгэн байгуулсан юм. “Би загварын салбарт маш их хайртай ч үйлдвэрлэлтийн үе шат дээр маш их асуудалтай тулгардаг байсан. Тиймээс би дуртай зүйлээ хийнгээ давхар сайхан мэдрэмж авах арга замыг хайж эхэлсэн” хэмээн Тейкэ хуучин хувцасны байгууллагатай хамтрах болсон сэдлээсээ хуваалцсан юм. Энэхүү брэнд нь хуучин хувцас ашиглан цуглуулгаа гаргадаг бөгөөд загвар бүрээс зөвхөн нэг ширхгийг гаргадгаараа онцлог билээ.

Iggy Jeans

Шведийн загварын долоо хоног дээрх онцлох 5 брэнд (фото 7)

Iggy Jeans брэндийн дизайнер Ингрид Берг нь Шведийн загварын долоо хоногт анх 15 насандаа оролцож олон төрлийн хээтэй жийнсэн өмдний загваруудаа танилцуулж байсан. Харин одоо Iggy Jeans нь зиг заг болон абстракт хээгээрээ алдаршиж дахин давтагдашгүй, онцгой загварыг эрхэмлэдэг хүмүүсийн сонголтын тэргүүн эгнээнд жагсаж байна. Дизайнер энэ удаа деним загваруудаа танилцуулахаас гадна зураач Игор Холтерманнтай хамтран шоу болсон газарт боди-арт, ханын зургийг толилуулжээ.

H&M x Jacob Felländer

Шведийн загварын долоо хоног дээрх онцлох 5 брэнд (фото 8)
Шведийн загварын долоо хоног дээрх онцлох 5 брэнд (фото 9)
Шведийн загварын долоо хоног дээрх онцлох 5 брэнд (фото 10)

Өмнө нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын хүүхдүүдийн урлаг, соёлын боловсролыг хариуцан ажилладаг байсан Ёкоб Феллендер нь H&M брэндтэй хамтран гудамж, талбайг урлагаар чимж, өмссөн хүнийг нь урлагийн бүтээлийн нэг хэсэг болгох зорилготой цуглуулгыг гаргажээ. Эдгээр загварууд нь өөрсдийн гэсэн QR кодтой бөгөөд кодыг уншуулах үед хувцас дээр байгаа зургийн дэлгэрэнгүй мэдээлэл гарах ба давхар Швед уран бүтээлчдийн аялгуу эгшиглэх болно.

Minna Palmqvist

Шведийн загварын долоо хоног дээрх онцлох 5 брэнд (фото 11)
Шведийн загварын долоо хоног дээрх онцлох 5 брэнд (фото 12)
Шведийн загварын долоо хоног дээрх онцлох 5 брэнд (фото 13)

Минна Палмквист бол эмэгтэй хүний бие, царайны талаар хэвшмэл ойлголт, нийгэмд тогтсон стандартын эсрэг байр сууриа өөрийн загваруудаараа илэрхийлдэг нэгэн. “Би феминист үзэл баримтлалаа хэлбэр, дүрс, биет зүйлээр дамжуулан харуулахыг хүсдэг. Хэрэглэгчид миний загваруудаас онцгой оёдол, цоолборуудыг анзаарах боломжтой. Ийнхүү хийдгийн учир нь би нэг янзын хувцас бүтээчхээд үүнийгээ хоорондоо адилгүй, дахин давтагдашгүй хүмүүст санал болгохыг хүсдэггүй. Харин оронд нь аль болох тухайн хүний биеийн онцлогийг тооцож, тав тухтай байдлыг эрхэмлэн урладаг” хэмээн Минна Палмквист хуваалцсан юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх