Тэйлор хийцтэй төгс хослолуудыг толилуулсан Jil Sander брэндийн цуглуулга
Хавар-зун 2022
Jil Sander загварын ордны бүтээлч захирлууд болох Люси болон Люк Мейер нарын харах өнцөг, хэв маяг шинэчлэгдсэн нь хавар-зун цуглуулгаас анзаарагдаж байлаа. Тэдний 2020 онд толилуулсан намар-өвөл цуглуулгад ихэвчлэн хар, цагаан өнгийн загварууд багтсан байсан бол энэ удаагийнх пастель болон хурц өнгөнүүд, судалтай болон алаг тахь хээнүүдээр дүүрэн байлаа. Загваруудын хувьд тэгш бус энгэртэй oversize хүрэм, оноотой өргөн брюкэн өмд, ханцуйгүй классик топ болон бэлхүүс тодотгосон хатгамалтай даашинзууд нүдэнд өртлөө. Түүнчлэн цуглуулгад багтсан өрөөсөн ээмэг, урт оосортой утасны гэр, дугуй чулуун зүүлт зэрэг аксесуарууд нь ирэх улирлын гол трендүүдийн нэг болох өндөр магадлалтай билээ.