Хайх

Загварын салбарт шинэ нэр: Андерграунд хэв маягтай Gradient of Human брэнд

Загварын салбарт шинэ нэр: Андерграунд хэв маягтай Gradient of Human брэнд

Text: Б.Энххүслэн


Зураг: blguneehiroshi

Нэг хүсэл, зорилготой гурван монгол дизайнер нэгдэж Gradient of Human брэндийг үүсгэн байгуулжээ. Энэ бол андерграунд загварын урсгалыг Монголдоо таниулж буй залуу брэндүүдийн нэг юм. Тэр ч утгаараа үүсгэн байгуулагч дизайнерууд болох Б.Эрдэнэ-Очир, М.Хумбага, И.Хатантуул нар трендээс гадуур, хэвшмэл бус, онцлог детальтай загварууд урладаг билээ. Түүнчлэн тэд нэг загвар дээр хамтран ажиллах биш, тус тусдаа бие даан цуглуулгаа гаргадаг учир Gradient of Human гурван өөр төрлийн характертай байж чаддаг онцлогтой. Загварын салбарт шинэ уур амьсгал оруулж буй эдгээр залуу дизайнерууд болон тэдний бий болгосон ертөнцтэй илүү ойроос танилцъя.


"БИД ИНГЭЧИХВЭЛ ХҮН ХУДАЛДАЖ АВНА ДАА ГЭЖ БОДДОГГҮЙ. ХАРИН ХЭРХЭН ИЛҮҮ ГОЁ БОЛГОХ ВЭ ГЭДЭГ ДЭЭР Л АНХААРДАГ"


Загварын салбарт шинэ нэр: Андерграунд хэв маягтай Gradient of Human брэнд (фото 1)
Gradient of Human, AERO цуглуулга
Загварын салбарт шинэ нэр: Андерграунд хэв маягтай Gradient of Human брэнд (фото 2)
Gradient of Human, AERO цуглуулга
Загварын салбарт шинэ нэр: Андерграунд хэв маягтай Gradient of Human брэнд (фото 3)
Gradient of Human, AERO цуглуулга

“Бид гурав найзлаад 11 жил болж байна. Энэ хугацаанд хувцасны брэнд гаргая гэж их ярьдаг байсан. Эцэст нь цар тахлын үеэр зориглохоор шийдсэн. Эхлээд бол нээх брэнд гээгүй, хамгийн гол нь хийгээд үзье гэсэн зорилготой байсан” хэмээн хамтран үүсгэн байгуулагчдын нэг Б.Эрдэнэ-Очир эргэн дурсав. Хийж эхлэхдээ дизайнерууд зүгээр ч нэг өдөр тутмын, энгийн хувцас урлахыг хүсээгүй ба Монголын загварын салбарт байгаа хоосон орон зайг нөхөхөөр шийдсэн нь трендээс гадуур anti-fashion урсгал юм. Тиймдээ ч Gradient of Human брэндээс ганцхан улирал өмсөхөд моданаас гардаг биш, харин хэзээ ч гаргаж ирээд загварчилсан хоцрогддоггүй хувцаснуудыг олох боломжтой. Мөн тэдний гаргадаг загваруудыг хүйс хамаарахгүй ямар ч насны хүн өмсөж болдог онцлогтой билээ.

“Одоогийн байдлаар монголчууд маань хувцасны тал дээр жаахан зориг дутмаг байгаа санагддаг. Хэчнээн сонирхож байгаа ч гэсэн яаж, юутай зохицуулж өмсөхөө мэддэггүй. Мэдээж илүү загварын мэдлэгтэй гэдэг утгаараа шинэ мянганыхан нээлттэй хүлээж авдаг” хэмээн Б.Эрдэнэ-Очир хуваалцсан бол Б.Хумбага “Андерграунд хэв маягаар дамжуулан хүмүүс өөрийгөө илэрхийлэх боломжтой болдог. Тиймдээ ч энэ урсгалдаа хайртай” гэж нэмж онцолсон юм.


НЭГ КОНЦЕПЦ, ГУРВАН ӨӨР ХАРАКТЕР


Загварын салбарт шинэ нэр: Андерграунд хэв маягтай Gradient of Human брэнд (фото 4)
Gradient of Human, намар-өвөл 2020
Загварын салбарт шинэ нэр: Андерграунд хэв маягтай Gradient of Human брэнд (фото 5)
Gradient of Human, намар-өвөл 2020
Загварын салбарт шинэ нэр: Андерграунд хэв маягтай Gradient of Human брэнд (фото 6)
Gradient of Human, намар-өвөл 2020

Gradient of Human брэнд нэг хэв маяг дор үйл ажиллагаагаа явуулдаг ч дизайнер бүр өөрийн өнгө аясыг цуглуулгадаа шингээдэг нь брэндийг илүү төрөлжсөн болгож чаддаг. “Ингэснээр бидний урладаг загваруудыг хооронд нь хольж сольж өмсөөд төрөл бүрийн имиж бүрдүүлэх боломжтой. Илүү амар, илүү сонголт ихтэй” гэж дизайнер И.Хатантуул концепцынхоо давуу талыг тодорхойлсон юм.

И.Хатантуулын хувьд илүү цулгуй, бараан өнгийн материал ашигладгаараа онцлог. Тэрээр загваруудаа урлахдаа холоос харахад мэдэгдэхгүй ч, ойртоод үзэхээр ажиллагаатай их деталиуд орсон байх дээр анхаардаг байна. И.Хатантуул “Миний бүтээлийг харсан хүнд энэ хувцас дээр маш их ажиллаж дээ гэсэн сэтгэгдэл төрөх юм бол гоё санагддаг. Ажлаа хөнгөвчлөөд энгийн хувцас хийхийг хүсдэг л дээ. Гэхдээ цаанаасаа л нухаад байдаг. Энэ нь миний их зүйл боддогтой холбоотой байх. Учир нь тархи нь завгүй байгаа юм чинь гар нь ч гэсэн дагаад тийм үйлдэл хийгээд байдаг” гэж онцолсон юм. Харин дизайнер М.Хумбага тэнгэр, уул, хад зэрэг байгаль дүрсэлсэн хээ ашиглах дуртай бол Б.Эрдэнэ-Очирын загварууд том, oversize силуэттэй байдаг. Тэрээр “Би цуглуулгаа тэнгэрийн, фантастик зүйлээс санаа авч хийдэггүй. Гол нь хэлбэр дээрээ ач холбогдол өгдөг. Сонин, том хэлбэртэй байдаг тул махлаг, туранхай гээд ямар ч биеийн галбиртай хүн өмссөн зохицох болно” гэж арга барилаасаа хуваалцлаа.


"ЧАНАРТАЙ ҮР ДҮНД ХҮРЭХИЙН ТУЛД ХҮН БҮРТ ЧӨЛӨӨТЭЙ СЭТГЭХ ОРОН ЗАЙ ОЛГОХ НЬ ЧУХАЛ"


Загварын салбарт шинэ нэр: Андерграунд хэв маягтай Gradient of Human брэнд (фото 7)
Gradient of Human, хавар-зун 2021
Загварын салбарт шинэ нэр: Андерграунд хэв маягтай Gradient of Human брэнд (фото 8)
Gradient of Human, хавар-зун 2021
Загварын салбарт шинэ нэр: Андерграунд хэв маягтай Gradient of Human брэнд (фото 9)
Gradient of Human, хавар-зун 2021

Gradient of Human-ы хамт олон одоогийн байдлаар гурван дизайнер, оёдолчид болон зургийн багаас бүрдэж байна. Тэд өндөр чанартай үр дүн гаргаж, цаашдаа тасралтгүй хөгжихийн үндэс нь ажлаа хийх чөлөөт орон зай гэж үздэг. Өөрөөр хэлбэл, дизайнерууд хувцсаа гаргана, гэрэл зурагчин зураг авалтаа хариуцна. Хэн ч хэний ч ажилд хэт их зааварчилгаа өгөхгүйгээр, зөвхөн итгэлцэл дээр суурилахыг зорьдог юм.

Gradient of Human-ы гэрэл зурагчнаар өөрийн гэсэн дахин давтагдашгүй өнгө аястай Билгүүн Хироши (@blguneehiroshi) ажилладаг байна. “Дизайнерууд мэргэжлийн гэрэл зурагчны түвшинд мэдлэггүй шүү дээ. Тиймээс Хироши маань бидний цуглуулгыг хараад, санаагаа дотроо боловсруулаад, шаардлагатай бол биднээс үзэл бодол асуугаад явах нь хэн хэндээ амар байдаг. Бид хувцсаа хийж эхлэхдээ үр дүнг нь төсөөлчихсөн байдаг шиг зурагчид ч гэсэн бид нараас ч илүү үйл явц, үр дүнгээ харж байдаг болов уу” гэж И.Хатантуул хэлсэн юм. Gradient of Human брэндийн зураг авалтууд зүгээр нэг хоосон студид биш, харин хувцасны өнгө аясад таарсан бүтээлч сеттэй байдаг нь бүр илүү сонирхол татдаг билээ.


ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ ДИЗАЙНЕРУУД


Б.Эрдэнэ-Очир

Загварын салбарт шинэ нэр: Андерграунд хэв маягтай Gradient of Human брэнд (фото 23)

“Би хоёрдугаар ангид байхаасаа л маш их зурдаг, тэр дундаа хувцас зурах дуртай байсан. Хувцас дизайнерын мэргэжилд багаасаа л дурласан гэхэд болно. Тийм болохоор зөвхөн энэ л мэргэжлээр сурна гэдэг бодолтой явсаар 2007-2011 оны хооронд Урлах Эрдмийн дээд сургуульд хувцасны дизайнер мэргэжлээр суралцсан. Сургуулиа төгсөөд олон хувийн хэвшлүүдэд ажиллаж байхдаа өөрийнхөө стиль, хэв маягийг ойлгож эхэлсэн нь anti-fashion загварын урсгал юм. Тэгээд л сонирхлынхоо дагуу Gradient of Human брэндээ үүсгэн байгуулсан даа. Одоогийн байдлаар оффис дээрээ амьдрангаа хувцсаа хийж байна. Тогтсон ажлын цаг гэж байхгүй ч өглөө 7-8 цагийн хооронд эхэлж, харин орой 11-12 цаг хүргэдэг. Миний хувьд нэг зүйлийг эхэлсэн л бол заавал эцсийг нь үзэхийн төлөө явдаг. Ер нь л санасан зүйлээ бүтээж чаддаг, түүнээсээ ч их урамшина. Мэдээж ядрах үе байлгүй л яах вэ. Гэхдээ ядарсан ч маш аз жаргалтай байдаг. Ер нь бүх дизайнерууд тийм байдаг байх. Бид чинь мэргэжилдээ үнэ цэнэ өгөөд, түүнийгээ өөрсдийнхөө амьдрал болгочихсон хүмүүс шүү дээ”.

М.Хумбага

Загварын салбарт шинэ нэр: Андерграунд хэв маягтай Gradient of Human брэнд (фото 24)

“Сурагч байхдаа хувцсанд маш их дуртай байсан. Шуналтай ч гэж болно. Тиймээс хүссэн хувцсаа өөрийн гараар хийхийг хүсдэг байсан юм. Уг хүслээ ч биелүүлэхээр Монгол Улсын Багшийн их сургуульд хувцасны зураг зохион бүтээгч мэргэжлээр элсэн орсон. 2009 онд сургуулиа төгсөөд өөр газруудаар их ажилласан. Улмаар дуртай зүйлээ хийж эхэлье гэж шийдээд Хатнаа, Эрдэнэ-Очиртойгоо нийлэн брэндээ үүсгэн байгуулсан билээ. Миний хувьд тренд бүрмөсөн дагадаггүй гэвэл үгүй. Харин тодорхой хэмжээгээр үүнтэй хөл нийлүүлэн алхдаг. Гэхдээ өөрийнхөө сонирхлыг орхигдуулан хэт хэв маягт баригдахгүй байх нь чухал юм. Түүнчлэн би загваруудаа гаргахдаа маш няхуур ханддаг. Алдаагүй, төгс зүйл хийхийг хүсдэг бөгөөд тавьсан шалгууртаа хүрч чадахгүй бол заавал дараагийн удаа хүрэхийг хичээнэ. Түүнчлэн бидний урласан бүтээлийг хүмүүс ойлгож өөрсдийнхөө хэв маягийг эвдээсэй гэж хамгийн их хүсдэг”.

И.Хатантуул

Загварын салбарт шинэ нэр: Андерграунд хэв маягтай Gradient of Human брэнд (фото 25)

“Хувцас дизайны мэргэжлээр явахыг ээжийн минь найз санал болгож байсан юм. Намайг байнга эскиз зурдаг болохоор суурь байна гэж харсан гэсэн. Гэхдээ би нэлээн эршүүд хүүхэд байсан болохоор цагдаа болно л гэж боддог байлаа. Гэхдээ Цагдаагийн Академийн элсэлт нь дуусчихсан байж таарсан. Дээрээс нь би чинь хөдөө өссөн хүүхэд байхгүй юу. Гоё, сайхан харагдах тал дээр ямар ч мэдээлэлгүй. Тиймээс тухайн үед хүүхдийн сэтгэхүйгээр ‘би одоо дизайнер болох юм байх даа?’ гэж нэлээн эргэлзэж байсан. Эцэст нь Урлах Эрдмийн дээд сургуульд элсэн орж, амжилттай төгсөн мэргэжлээрээ ажилласан. Ажиллаж байх хугацаандаа 2013 онд Японд болсон Mercedes Benz загварын шоунд оролцохоор явсан юм. Тэр үед бүх зүйл нь мэргэжлийн байсан учир хийж байгаа зүйлээ тултал нь хийх ёстой юм байна гэдгийг ойлгосон. Одоо бол ажлаа маш их сэтгэл шингээн хийж байна. Би нэг зүйлтэй удаан зууралдах дургүй. Хурдхан гараас гаргаад, зогсоо зайгүй ажиллах нь таалагддаг”.


Gradient of Human

Хаяг: Орос элчингийн баруун талд 42 дугаар байр

Утас: 8070 0932

Instagram: @gradientofhuman

Facebook: Gradient of human

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх