Загварын шоуг завин дээрээс: Jacquemus Версалийн ордонд шинэ цуглуулгаа танилцууллаа
Дизайнеруудын дунд ширүүхэн "тэмцэлдээн" болсон Парисын хавар-зун 2024 эрэгтэй загварын долоо хоног өндөрлөхтэй зэрэгцэн Jacquemus өндөр босго тавьсан бас нэгэн шоуныхаа ард гараад байна. Цуглуулгад багтсан хувцаснаасаа илүү ямар газар, хэрхэн танилцуулах нь анхаарлын төвд орж буй өнөө цагт брэндүүд шинэ, содон концепцын эрэлд гарах болсон. Тэгвэл Симон Порт Жакмюс эрэл хайгуулаа ямагт аз жаргалтайгаар төгсгөж чаддагаа дахин нэг удаа батлан харууллаа.
Жакмюс Версалийн ордонд нөхөр Маркогийн (тухайн үед үерхэж байсан) хамтаар анхны болзоогоо хийж байсан бөгөөд тэр үеэс л уг газарт өөрийн урласан загваруудаа танилцуулахыг мөрөөдсөөр иржээ. Тухайн үед Жакмюс брэндийнхээ гүйцэтгэх захирал Бастьен Дагузанд “Хүмүүс энд завиар ирэн, шууд завин дээрээсээ цуглуулгатай танилцаасай гэж хүсэж байна” хэмээн дуулгаж байж. Тэгвэл түүний мөрөөдөл 2023 оны намар-өвлийн цуглуулга дээр нь биеллээ олоод байна. Шоунд хүрэлцэн ирсэн зочид runway тайз руу завиар хүрч очин, Версалийн ордны өмнүүр алхах моделиудыг завин дээрээсээ үзэж сонирхсон гээд бүх зүйл түүний анх хүсдэг байснаар болж өнгөрчээ. Жакмюс үнэхээр үзэсгэлэнтэй зүйлсийг олж харан, төсөөллөө бодит болгох чадамжтай нэгэн юм.
Версалийн ордонд арга хэмжээ зохион байгуулна гэдэг хүн бүрд олдоод байдаг боломж биш. Бүтээлч захирал энэхүү боломжийг атгаж чадсан ч ордон дотор бус, гадна талбайд, бүр тодруулбал ногоон зүлгэн дээр нь хийх болсон шалтгаанаа “Jacquemus-ын мөн чанар алтаар биш, байгалиар хүрээлэгдсэн байхдаа илэрдэг” хэмээн оновчтой гэгч нь тайлбарлажээ.
Бүтээлч захирал Диана гүнжийн гоо зүйгээс ихээхэн сэдэл аван 1980-аад оны хэв маягтай хөвсгөр, хунирсан силуэттэй, бөмбөлгөн хээтэй, том ханцуйтай загварууд урласан байна. Мөн дизайнер 1860-аад онд өгзөг, хормойн хэмжээг нэмж, өргөн харагдуулахаар өмсдөг байсан кринолины хөнгөн бөгөөд мини хувилбарыг гаргажээ. Үүнээс гадна цуглуулгын нэрийг “Le Chouchou” (Jacquemus-ын үсний боолтыг ингэж нэрлэдэг) гэх бөгөөд бидний өмнө таамаглаж байсанчлан яг л томруулсан үсний боолт мэт харагдах юбка, дотуур өмд, даашинзны загварууд цуглуулгыг чимж байлаа.
Мэдээж хэрэг Жакмюс тэгш бус хэмтэй тейлор хийцтэй хувцас урлахдаа гаргууд нэгэн. Тухайлбал, тэрээр олон төрлийн пиджакийн загвар танилцуулснаас энэ жилийн Met Gala үдэшлэг дээр Bad Bunny-гийн өмссөн нуруу нь ил гарсан детальтай, нарийн бэлхүүстэй, тэвхгэр мөртэй, өрөөсөн ханцуй нь мөр хэсгээрээ салчихсан мэт тэгш бус хэмтэй загварууд нь нүдэнд туслаа.