Энэ хавар өмсөх сонгодог гуталнууд: Лофер, слингбэк, Мэри Жейн болон бусад
Тав тухаараа шалгарсан загварууд
ЛОФЕР
Лофер гутлыг зөв арчилсан байхад л олон жилийн турш төрөл бүрээр загварчлан өмсөх боломжтой. Тэр дундаа саармаг өнгийн сонгодог хэлбэртэй лофер ямар ч төрхтэй зохицдог билээ. Харин энэ хавар деталь болон материалын онцлогтой Miu Miu, Acne Studios, Tod’s брэндийн загвараас сонголтоо хийж үзэхийг зөвлөж байна.
НАМХАН УЛТАЙ ДЕРБИ
Дерби болон оксфорд гутлын алтан дундаж гэж тодорхойлж болохуйц энэхүү загварыг Loewe, Lemaire, Hereu болон бусад олон брэндүүд өөрсдийн цуглуулгадаа багтаажээ. Маш намхан ултай, зөөлөн арьсаар хийгддэг тус загвар нь хувцаслалтыг цэгцтэй харагдуулдаг давуу талтай.
БАЛЕРИНА
Үргэлж шинэ хэлбэр, шинэ элемент, шинэ деталь гэж явсаар дизайнерууд ч, хэрэглэгчид ч туйлдах нь бий. Олон нэр төрлийн хүнсээр гоёмсог чимэглэн тавагласан рестораны хоол хэдий сайхан ч ээжийн хийдэг гарын хоолноос авдаг мэдрэмжтэй дүйцэж очдоггүйн адил загварынхан ч этгээд бүхнээс завсарлага аван амсхийгээд байна. Ингэхдээ 2010 онд эрчээ авч байсан балерина гуталд анхаарлаа хандуулж эхэллээ.
СПИНГБЭК
Өндөр өсгийтэй, арлаар тогтоогдсон тус гутлыг слингбэк хэмээн нэрлэдэг. Слингбэк загвар нь өсгийний өндөр, хоншоорын хэлбэр, материалын төрөл гээд маш олон шинжээр хоорондоо ялгардаг билээ. 2023 оны хувьд хамгийн тав тухтай гэгддэг намхан ултай загвар эрэлттэй байна.
МЭРИ ЖЕЙН
Бөөрөнхий хоншоортой, хавтгай ултай, шагайн хэсэг нь арлаар бэхлэгддэг Мэри Жейн стилийн гутал эргэн ирснийг дуулгая. Энэхүү загвар нь XX зууны эхэн үеэс одоог хүртэл балчир насны охидоос эхлэн насанд хүрсэн эмэгтэйчүүдийн сонголтоор тодорсоор байна.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт