Хаврын чиг хандлага: Давхар бүсэлхийтэй жийнсэн өмд
Хавар-зун 2023
Брэндүүдийн сүүлийн үед толилуулж буй цуглуулгын нөлөөгөөр деним хувцасны эрэлт нэмэгдсээр байна. Тэр дундаа жийнсэн материалтай макси юбка энэ цагийн “It” загвараар тодорч гранж хэв маягийн давлагаа эхлээд байгаа юм. Тэгвэл хавар-зун 2023 улиралд бас нэгэн загвар цойлон гарч ирсэн нь давхар бүсэлхийтэй жийнсэн өмд билээ.
Бүсэлхий хэсгээрээ яг л хоёр өмд давхарлан өмссөн мэт сэтгэгдэл төрүүлэх энэхүү шийдлийг анх 2016 онд бүтээлч захирал Гленн Мартенс Y/Project брэндээрээ дамжуулан танилцуулж байжээ. Хэсэг хугацаанд мартагдаад байсан тус силуэтыг Diesel брэнд хавар-зун 2023 цуглуулгадаа багтааснаар энэ нь одоо чиг хандлага болтлоо өргөжөөд байна. Одоогийн байдлаар Diesel-ын араас Dsquared2, Jacquemus, Miu Miu болон бусад загварын орднууд тус загвараас толилуулжээ. Ингэхдээ Dsquared2 шаргал өнгийн их бие дээр цэнхэр өнгийн давхар бүсэлхий залгасан сул эсгүүртэй streetwear стилийн өмд харуулсан бол Jacquemus илүү романтик өнгө аястай мөнгөлөг болон сүүн цагаан өнгө хослуулсан хувилбарыг цуглуулгадаа багтаажээ. Харин Miu Miu ордон дотуур хувцасныхаа бүсэлхийг дээш татан өмсөж загварчлах аргачлалын тусламжтай бүсэлхийг хоёр давхар мэт харагдуулсан байна.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт