Мөрөөдөл урлагч Диор
Нээгдээд удаагүй үзэсгэлэнгийн тасалбар аль хэдийнэ нүдний гэм болж, гадаа нь мөргөлчид мэт цувах зорьж ирсэн олны урт дараалал үүссэн байгаагаас харахад Диор гэх нэр шашин мэт шүтэгдэх болсныг илтгэнэ.
Dior загварын ордон үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ойд зориулан 2017 онд Парис хотноо анх дэлгэгдсэн уг үзэсгэлэн тус музейн 100 гаруй жилийн түүхэнд хамгийн их үзэгчтэй байсан гэдэг. Тодруулбал 700 мянган хүн мөрөөдөл урлагчийн ертөнцөөр аялжээ. Би тэдний нэг байхыг хичнээн их хүссэн ч урт дараалал алхам ч урагшлахгүй байсаар бууж өгсөн. Харин энэ жил Лондон хотноо Викториа ба Альбертийн музейд дэлгэгдэж буй үзэсгэлэнг үзэх хувь тохиолоо. Үнэхээр л хүлээхээс өөр аргагүй ертөнц ажээ. Нийт есөн хэсгээс бүтэх энэ үзэсгэлэнд Dior загварын ордны 500 гаруй бүтээл эгнэж, үзэгчдийг алмайруулсан юм.
Тэртээ 1945 онд, хэрэв Lelong загварын ордонд туслахаар хамт ажиллаж байсан найз Пьер Бальмен нь өөрийн загварын ордныг үүсгэн байгуулаагүй бол, мөн хэрэв унаган багын өөр нэг анд нь санаандгүй учралаар Парисын нэгэн хөрөнгө оруулагч чадварлаг загвар зохион бүтээгч хайж байгаа гэх мэдээг түүнд дуулгаагүй бол, хэрэв тэр нэгэн өдөр гудамжнаас "азын од" олоогүй бол Кристиан Диор хэзээ ч өөрийн загварын ордныг байгуулах шийдвэр гаргаж зүрхлэхгүй байсан гээд бод доо. Хамтран туслагч нь өрх тусгаарлахыг нүдээр үзсэн тэрээр зориг орж, "Би ч ингэж болох юм" гэсэн сэдэл авсан байдаг. Үүнээс өмнө нь Lelong-ийн салонд хамт олонтойгоо эв найртай, даргатайгаа сайн ойлголцдог, ажилдаа дуртай түүнд өөр ажил хайх шалтаг үгүй, загварын нарийн ширийнийг сурч авсан мастертаа үнэнч тул салан тусгаарлах бодол төрдөггүй байжээ. Ингээд Кристиан Диор зориг гарган хөрөнгө оруулагчтай уулзахад тэд мэдрэмжийн хувьд ижил хэлбэлзэлтэй, үнэ цэнийн ойлголт нэгтэй байж таарсан нь бас л азтай тохиолдол болсон. Нэг л мэдэхэд Кристиан Парисын уламжлалт от кутюр загвар урладаг, элегант үйлчлүүлэгч нарыг чиглэсэн цоо шинэ загварын ордныг үүсгэн байгуулахаар болсон байдаг. Ийнхүү 6 сая франкийн хөрөнгө оруулалтаар Christian Dior загварын ордон мэндлэхэд Диор 41 настай байв.
1946 оны дөрөвдүгээр сарын 18-нд олсон Диорын азын од.Кристиан Диор багаас мухар сүсэгтэй, зөн билэгт итгэдэг нэгэн байжээ. 14 настайд нь төлөгч эмэгтэй гарын алгыг нь үзээд "Та ядуугийн зовлон амсана. Гэхдээ та бүсгүйчүүдээр дамжуулан амжилтанд хүрнэ. Мөн маш их аялах болно" гэж зөгнөсөн байдаг. Гэрт нь өлгөөтэй байсан толь бутрахад муу зүйл нүүрлэхийг зөнгөөрөө мэдэрсэн Кристан удалгүй ээжийгээ алдан, эрэгтэй дүү нь хүндээр өвдөж, бордоо үйлдвэрлэгч, чинээлэг аав нь дэлхийн эдийн засгийн хямралаас болж дампуурч, орох оронгүй болдог .
Эцэг эх нь дипломат болгохыг хүсч байсан тул Парисын улс төрийн шинжлэх ухааны хүрээлэнд сурахаар элссэн Кристиан өөрөө архитектур, урлаг сонирхдог, галерей эрхэлдэг байв. Тэр ядуурлын улмаас галерей дэх зургуудаа зах зээлийн үнээс доогуур зарж, урлангаа хаах болж. Улмаар сүрьеэ тусч, залуу насны зугаа цэнгэлтэй үе нь нэг мөр хийсэн оддог. Зураг зурж загварын сэтгүүлүүдэд борлуулан, улмаар загварын туслахаар ажиллаж эхэлсэн, 30 нас хэдийнэ гарсан тэр үеэс жинхэнэ амьдрал нь эхэлсэн гэж Диор намтартаа дурдсан байдаг.
Үзэсгэлэнгийн эхний хоёр танхим түүний хамгийн анхны цуглуулгын бэлэг тэмдэг болсон "Bar" хослолоор эхэлж, анхны цуглуулгаас насан өөд болох хүртлээ арван жилийн хугацаанд зохион бүтээсэн нийт 22 цуглуулгын загварын дээжээс толилуулна.
Bar хослол1947 оны хоёрдугаар сарын 12-нд Кристиан Диор анхны цуглуулгаа танилцуулжээ. Harper's Bazaar сэтгүүлийн эрхлэгч Кармел Сноу шоуны дараа "Кристиан, таны даашинзууд үнэхээр шинэлэг юм аа" хэмээн дуу алдсан байдаг. Эндээс "New Look" гэх загварын түүхэнд шинэ хуудас нэмсэн нэр томьёо үүсчээ. Диорын загварууд яагаад шинэлэг байв? Тухайн үед дайны дараа Европт бүх зүйл хомс, хүнс бараа хязгаарлагдмал, шатахууны хомсдолоос үүдэн явган алхдаг эсвэл дугуй унадаг байсан тул бүсгүйчүүд өдөр тутмын амьдралдаа сул мөртэй, хөдөлгөөнд саад болдоггүй, богино хувцас өмсдөг байжээ. Эрчүүд дайнд мордоход арын бүх ажлыг хариуцан үлдсэн бүсгүйчүүд эмэгтэйлэг хувцас өмсөх нөхцөл бүрэлдээгүй, форм маягийн хувцасладаг байсан нь тэр юм. Диор энэ бүгдийг зориуд сөрж, нарийн бэлхүүстэй, мөр, цээж тодотгож өгсөн бариу хүрэм, өвдөг давж, шилбэ хүрсэн урт банзал бүхий эмэгтэйлэг загварууд танилцуулсан байна. Сайн сайхан үеийг эргэн санагдуулсан эдгээр эмэгтэйлэг загварууд даруй хүсэмжит бүтээгдэхүүн болж, тухайн үеийн Францын от кутюр экспортын 75 хувийг дангаар эзэлж байжээ.
"Эрх чөлөөт эмэгтэйчүүдийг ахин хавчих гэсэн элегант хүлээс", "Бөс бараа хомс үед урт хормойт хийж, үрэлгэн хандлаа", "Бидний үр хүүхэд уух сүүгүй байхад үнэтэй даашинз зарж байна" гэх мэтээр тухайн үед Диорын загварыг эсэргүүцэх хөдөлгөөн гарч байсан гэвэл та итгэх үү? Америкт загварын шагнал хүлээн авахаар очиход нь дайны дараах Европыг сэргээн босгох үйлд америкчууд бүхнээ дайж байхад Парист от кутюр өмсөж, тансаглаж байгааг шүүмжилсэн элдэв пайз, бичиг өргөсөн жагсагчдын хажуугаар Диор танигдахгүй өнгөрөөд гарч байсан тухай дурсамждаа бичсэн нь бий. Холливүүдийн одод Диорын эмэгтэйлэг даашинзуудыг өмсч эхлэнгүүт түүний шинэлэг загваруудыг ямар ч эсэргүүцэл зогсоох нь өнгөрсөн гэдэг.
Гурав дах танхимд загвар зохион бүтээгч ба Британи улс хоёрын хооронд нандин холбоо үүсгэжээ. 21 насандаа анх Англи хэлээ сайжруулах зорилгоор Лондонд хөл тавьж байсан Кристиан Диор "Соёл, урлаг, архитектур, загвар гээд бүх зүйл нь таалагддаг, эх орноос минь гадна хамгийн элгэмсэг санагддаг улс орон бол Англи юм" гэж дурсжээ. Хожим тэрээр Англид загварын салбар ордонгоо үүсгэн байгуулж, цуглуулгаа танилцуулж байв. Хатан Хаан Элизабет, Маргарет гүнж нарт зориулан тусгайлан урласан цуглуулгын танилцуулгыг Францын ЭСЯ дээр хийж байсан тэрээр удалгүй Английн гүнж Маргаретын 21 насны ойн баярын гангарааг урлахаар болдог. Хэдийгээр хааны ордны хатуу дэг ёсоор нутгийн загвар зохион бүтээгчдийн, ялангуяа ордны харьяалал бүхий загвар зохион бүтээгчийн бүтээлийг өмсөхийг зөвшөөрдөг байтал Францын от кутюр, тэр дундаа Диорын даашинзыг баярт үйл ажиллагаанд өмсөхөөр сонгосон нь нэгийг илтгэнэ.
Кристиан Диорын Пасспорт. Английн гаалиар орж гарсан тамга
Кристиан Диор Маргарет гүнжид бэлэглэсэн торгон алчуур
Дараагийн танхим биднийг орчин цагаас ангид түүхэн эрин үеэр аялуулна. Кристиан Диор загвар зохион бүтээхдээ түүхэн эрин үеүдээс, ялангуяа XIX зууны сүүл, XX зууны эхэн үеэс сэдэл авдаг байжээ. Дотоод болон бусад чимэглэлийн хувьд XVI Луи хааны үеийн стильд дуртай нь илт харагдана. XVI Луи хаан 1778 онд эхнэр Мари Антуанеттэд зориулан босгосон "Хайрын асар"-аас санаа аван, анхны сүрчигнийхээ бортогыг ижил загварын асар дор танилцуулсан байдаг.
Таван тивд, нэр нөлөө бүхий хотуудад салбараа нээсэн Кристиан Диор аяласан газрынхаа уран барилга, байгаль, урлаг соёлоос санаа аван загвартаа тусгадаг төдийгүй уг нутаг усны нэрээр бүтээлээ нэрлэдэг байжээ. Энэхүү танхим Мексик, Энэтхэг, Египет, Япон, Хятад гэсэн эдгээр таван орон Christian Dior загварын ордонд ямар сэдэл үлдээснийг илтгэнэ.
Бага насаа өнгөрөөсөн Гранвилль дэх эдлэн газраа Диор дурсахдаа нэн тэргүүнд ээжийх нь тарьж ургуулдаг гоёмсог цэцэгс, тэдгээрийн содон сайхан үнэрийг тодотгодог. Тиймдээ ч төрсөн нутгаа санагдуулам сарнай, мэлрэг цэцгийн ханд анхилсан Miss Dior сүрчгийг бүтээж, уг сүрчигний найрлагад орсон бүх цэцэгсийг торгоор урлаж, Miss Dior даашинз зохион бүтээсэн байдаг. Үзэсгэлэнгийн энэ танхимд хөл тавингуут таазнаас дүүжлэгдэх цаасан ороонго цэцэгс, дэрвэгэр даашинзан цэцэрлэгт хүрээлэн угтан авна. Диорын бүх даашинз аль нэг цэцгийн цоморлиг санагдуулам эсгүүртэй байдаг нь тохиолдлын хэрэг бус ажээ. Кристиан Диорын хэлснээр ертөнцийн хоёр сайхны нэг бүсгүй хүн, харин нөгөө нь цэцэгс юм.
Удаах танхимд Кристиан Диорыг 1957 онд өөд болсны дараа түүний залгамж халааг өвлөн авсан, өнөөг хүртэлх Dior загварын ордны бүтээлч удирдлагуудыг танилцуулсан.
Dior загварын ордны зүрх болсон оёдлын урлан, ательерийг бэлгэдсэн дараагийн танхим цасан цагаан эсгүүр даашинзуудаас бүрдэнэ. От кутюр бол олон зуун цагийн турш гар аргаар оёж, шидэж байж сая тийн нэрлэгдэх шаардлага өндөртэй чимхлүүр урлал аж. Цаасан дээрх загваруудыг цагаан даавуун эсгүүр болгож, бүх өөрчлөлтийг хийн эцэслээд, жинхэнэ материал, чимэглэл хатгамлыг оролцуулан урладаг болохыг энэ танхим дахь цагаан эсгүүрүүд чимээгүй өгүүлнэ. Угтаа оёдолчин гэдэг үг дангаараа от кутюрт үл тохирно. Учир нь нимгэн даавууны оёдолчин, зузаан бөс барааг хариуцагч оёдолчин, хатгамалчин, цаасан дээрх загварыг эсгүүр болгон "орчуулагч" оёдолчин гэх мэт олон төрлийн нарийн мэргэжилтэн шаарддаг аж.
Үзэсгэлэнгийн сүүлийн хэсэг бол үзэгчид хэсэг зуур ч болов Үнсгэлжин болж хувирмаар, нүд булаам үдшийн даашинзуудыг цуглуулсан Бүжигт наадмын танхим юм. Үдшийн даашинз бол эмэгтэй хүн бодит амьдралаас хэсэг зуур сатаарч, үдшийг үлгэр мэт өнгөрүүлэх боломж олгогч юм гэж Диор хэлсэн байдаг. Дайны дараах Парист эргэн сэргэсэн амьдралыг амтлан мэдрэх хүслэн, бүжигт багт наадам, дуу хуур олшорхуйд Диор элдэв костюм, үдшийн даашинз урлаж өөрийнх нь үгээр бол "уран сэтгэмжээ даашинзад буулгах боломж" гарчээ.
Кристиан Диор бол дайны үлдээсэн бүхий л хар мөрөөс зугтаж, гэрэл гэгээ рүү тэмүүлэгч байсныг энэ үзэсгэлэнгээс гарч ирэхдээ ойлгоно. Дайны үед арын албыг даан, бүхнийг амжуулагч хүйстэн эргээд бүсгүй хүн шиг байгаасай, эмэгтэй хүн гэдгээ мэдрээсэй, эмэгтэйлэг хувцаслаасай гэх хүсэлдээ хөтлөгдөн бүх зүйл машинчлагдсан, хүйтэн, хатуу, тарчиг хомс үед зориуд сөрж, хүний гараар, уламжлалт аргаар урласан, мөрөөдөл, амьдрах хүслээр хөглөгдсөн тийм зөөлөн дулаан загварууд урлаж, түүгээрээ "бид хангалттай үнс нурманд дарагдлаа, одоо эргээд сэргэе, цэцэглэе" гэсэн чин хүслээр эмэгтэйчүүдийг дэрвэгэр даашинзаар гоёдог байсныг ухаарлаа. Нөхцөл байдал, хэвшмэл ойлголтод баригдалгүй гагцхүү өөрийн дуу хоолойд үнэнч байж, мөрөөдлөө урласан загвар зохион бүтээгч өдгөө болон ирээдүйд хичнээн хүний сэтгэлд цэцэгсийн үр суулгаж, мөрөөдөл үндэслүүлэх бол гэдэг асуултын хариу илүүц биз ээ.
Д.Чанцалдулам
Лондон хот.
2019
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт