Хайх

Эрэгтэй загварын долоо хоног: Prada, хавар-зун 2017

Эрэгтэй загварын долоо хоног: Prada, хавар-зун 2017

Уул руу авирсан нь

Text: Buro.Mongolia


Зураг:

Миучча Прада сүүлийн хоёр улирлын турш загвар өмсөгчдөө холын аялалд явуулж байна. Өнгөрсөн удаа тэр далайн сэдэвтэй цуглуулга бүтээсэн бол, энэ удаад дизайнерын анхаарлын төвд уул хад байлаа

Миучча Прада хавар-зуныхаа эрэгтэй цуглуулгыг бүтээхдээ уулын спортоор хичээллэдэг үүргэвчтэй явган аялагчдаас санаа авжээ. Загварын шоунд оролцсон модель бүр үүргэвчтэй цүнх үүрснээр тайз дээр гарч ирж, богино хэмжээний явган аялал хийлээ. Ерөнхийдөө үүргэвчтэй цүнхний загвар дизайнерын хувьд маш чухал ач холбогдолтой байдаг. Миучча Прада хамгийн анх 1984 онд загварын ордны удирдагчаар томилогдохдоо эхлээд нейлонон материалтай хар үүргэвч гаргаж, харин дараагаар нь ижилхэн материалтай гар цүнхний цуглуулга бүтээсэн бөгөөд тэрхүү цуглуулга нь тухайн үед өндөр амжилт олж, брэндийн нэрийн хуудас болж чадсан юм.

Шинэ цуглуулгын бас нэгэн чухал элемент бол том хэмжээстэй, өвдөг давсан урттай, хөнгөн парка хүрэм юм. Тавь гаруй загвар өмсөгчдийн дийлэнх нь парка хүрмийг нэг бол өмссөн, нэг бол нөмөрсөн, нэг бол үүргэвчтэй цүнхнээсээ унжуулсан байлаа. Түүнээс гадна хантааз, шоорт, сарафан гэх зэрэг цуглуулгын бусад загварууд тэрхүү борооны цувны ус нэвтэрдэггүй материалаар хийгдсэн харагдлаа. Моделиуд парка хүрэм ба бусад хөнгөн материалтай хувцаснуудыг намхан ултай сандаал, уулын тоноглол мэт харагдах бүс ба толгойн уяатай хослуулан өмсчээ.

Хавар-зуны эрэгтэй цуглуулгын гол сэдвээр уулын спорт тодорсон ч гэлээ дизайнер тэр дундуур смокинг хослол, коктейл даашинз, өсгийтэй гутал гэх зэрэг цөөн хэдэн үдшийн төрхөд тохиромжтой дэгжин загварууд багтаасан байлаа.

цааш үзэх