Эрэгтэй загварын долоо хоног: Lanvin, хавар-зун 2017
Фестивалийн зочид
Загварын ордны эрэгтэй шугамыг сүүлийн хэдэн жилийн турш амжилттай авч яваа Лукас Оссендрайвер бол нэг цуглуулга дотор олон төрлийн сэдэв ба хэв маягийг хольж, тэр дундаас өвөрмөц дүр төрх гаргаж ирдгээрээ гаршсан, чадварлаг дизайнер юм. Түүний цуглуулга их хэмжээний деталь ба төрөл бүрийн элементүүдээр дүүрэн байдаг ч тэдгээр нь хүний нүдийг ядрааж, толгой эргүүлэх биш, харин ч эсрэгээрээ хоорондоо төгс уусаж, маш байгалийн харагдаж чаддаг. Түүнээс гадна Оссендрайвер эрэгтэй хүнийг биед эвтэйхэн сул дүрс ба олон давхарласан загварчлалаар гоёж, огтхон ч хичээгээгүй мэт хайхрамжгүй дүр төрх бүрдүүлэх дуртай билээ.
Хаврын улирлын шинэ цуглуулгад тодорхой нэгэн сэдэв ажиглагдсангүй. Цуглуулгын гол дүрийн эрчүүд яг л хөгжмийн фестивалийн зочид, рок одууд, эсвэл хот хооронд шилжих дуртай аянчид шиг харагдаж байлаа. Харин зарим эрчүүд бүр ой модноос орк ба эльфүүдийг хайж буй компьютер тоглоомын баатруудыг санагдуулж байв. Гэхдээ энэ бүх эрс, тэрс төрхийг нэгтгэж байсан ганцхан зүйл нь яахын аргагүй эрх чөлөөтэй уур амьсгал юм.