Эрэгтэй загварын долоо хоног: Louis Vuitton, хавар-зун 2017
Өмнөд Африк
Ким Жонсын Louis Vuitton-д зориулж бүтээдэг цуглуулга бүр ямар нэгэн байдлаар аяллын сэдэвтэй холбоотой байдаг. Энэ нь дизайнерын хамгийн гол сонирхлуудын нэг юм. Тэр хавар-зун 2017 улиралд ч бас аяллын уур амьсгалтай цуглуулга танилцууллаа. Гэхдээ энэ удаагийн цуглуулга түүний урьд өмнөх бүтээлүүдээс илүү онцгой бас нандин болсон байна. Дизайнер төрөлх Өмнөд Африк улсыг онцолж, уламжлалт ёс заншил нь европ хэв маягтай холилдсон байдаг гайхамшигт хотуудыг магтан дуулжээ.
Өмнөд Африкийг тодорхойлох элсэн бор өнгө, тахь ба матрын арьсан хээ, анаашны дүрс, тэмээн хяруулын үслэг оруулга, сафари хэв маяг зэрэг нь бүгд Ким Жонсын шинэ цуглуулгад цугларчээ. Хамгийн гол нь дизайнер гол сэдвийг хувцаснууддаа маш зөөлөн, далд утгаар шингээсэн байлаа. Тэр загвар өмсөгчдийг том бас хүнд гинжин зүүлтээр чимж, толгойноос нь хөл хүртэл үндэсний хээгээр хувцасласангүй. Харин үүний оронд Ким маш өдөр тутмын, энгийн, их хотын загварууд урлажээ.