Хайх

Хавар-зун 2016 улирлын эрэгтэй загварын чиг хандлага

Хавар-зун 2016 улирлын эрэгтэй загварын чиг хандлага

Таны анхааралд

Text: Ө.Тодгэрэл


Бид Нью-Йорк, Лондон, Милан, ба Парисын загварын долоо хоногуудаас тэмдэглэл хийж, хаврын улирлын эрэгтэй загварын гол чиг хандлагуудыг тоймлон бичлээ. Намар иртэл энэхүү жагсаалтыг гарын авлага болгон ашиглаарай

1950-аад оны цамц

Энэ хаврын улиралд 1950-аад оны уур амьсгал ноёрхож, бидний өвөө нарын гангараа байсан "куба" захтай, богино ханцуйтай, нимгэн материалтай цамц моодонд орно. Raf Simons, Louis Vuitton, Lanvin зэрэг ордуудын танилцуулсан загвар энэ чиг хандлагын тод жишээ юм. Энэхүү ретро хэв маягтай цамцыг сул эсгүүртэй өмд болон хар бараан өнгийн "wayfarer" хэлбэрийн нарны шилтэй хослуулаарай.


Дорнын хээ

Сүүлийн хоёр улирлын турш дизайнерууд Япон, Хятад гэх зэрэг Зүүн-Азийн орнуудаас бүтээлийн урам авч байна. Өнгөрсөн жил зохион байгуулагдсан дорнын сэдэвтэй Met Gala ийм чиг хандлага үүсэхэд чухал нөлөө үзүүлсэн юм. Louis Vuitton, Dolce & Gabbana, Astrid Andersen брэндүүдийн цуглуулгад дорнын баялаг өв соёл гоёмсог хээ хатгамал болон шингэсэн харагдана.

Торон нэхээс

Сүүлийн хэдэн улирлын турш дэлхий даяар хүйсийн хоёрдмол байдлын тухай хэлэлцэж байгаа билээ. Бидний эртнээс мөрдөж ирсэн уламжлалт дүрмүүд өөрчлөгдөж, хил хязгаар тэлж байна. Энэ мөчид эмэгтэй хүн хүчирхэг, харин эрэгтэй хүн зөөлөн талаа харуулах боломж нээгдэж байгаа юм. Тэгэхээр Burberry, Moschino, Gucci брэндүүдийн танилцуулсан торон нэхээстэй загварууд энэ хаврын улирлын гол трендүүдийн нэг байх нь гайхах зүйлгүй биз ээ.


Ургамлын хээ

Алессандро Микеле Gucci-д ирснээс хойш брэндийн хэв маяг онц сурлагатан охид ба томоотой залуусаар тодорхойлогдох болсон. Тэдгээр 1970-аад оны төрхтэй залуусын өмссөн ургамлын хээтэй хослол, пальто, бомбер зэрэг нь олны анхаарлыг татаж, бүхэл бүтэн тренд үүсгээд байна. Гэхдээ энэ сэдвийг зөвхөн Gucci гэлтгүй мөн Dolce & Gabbana ба Saint Laurent брэндүүд хавар, зуны улиралд онцоллоо.

Комбинзон

Эмэгтэй комбинзон аль өнгөрсөн жилийн хаврын улиралд хүчээ авсан бол, эрэгтэй комбинзон одоо л загварын тайз дээр гарч ирж байна. Тэгэхээр залуус ч мөн адил өмсөх хувцсаа тааруулан сонгож, цаг алдалгүй загварлаг комбинзон хурдхан өмсөөд, өөртөө итгэлтэйгээр гэрээсээ гарч болох нь ээ. Valentino, Kenzo, Balmain, Phillip Lim, Fendi болон бусад олон брэндүүд өөрийн хувилбараа танилцуулсан байгаа.

Пижам загварын хослол

Эмэгтэй, эрэгтэй загварт унтлагын хувцасны тренд нэгэн зэрэг ноёрхож байна. Зөвхөн гэртээ, унтахдаа өмсдөг байсан пижамууд одооноос эхлэн гадуур хувцас болон хувирлаа. Street style одууд аль хэдийнэ Gucci ба Dolce & Gabbana-гийн загваруудаар гоёж, энэ трендийг амьдрал дээр харуулаад амжсан байгаа.



"Навсгар" өмд

Сул эсгүүртэй, навсгар загварын өмдийг хавар-зун 2016 улиралд бараг л бүх дизайнерууд нэгэн зэрэг санал болгож байна. Жийнсэн, савхин, даавуун гээд маш олон төрлийн хувилбарууд загварын тайзууд дээр ажиглагдсан тул өөрт таалагдсанаа сонгох л үлдлээ. Энэ өмд нь дулаан улиралд сэрүүхэн мэдрэмж төрүүлж, биед эвтэйхэн байж, мөн энгийн хэрнээ загварлаг төрх бүрдүүлэх болно.



Бомбер хүрэм

Эрэгтэй загварын ертөнцөд их хотын уур амьсгал үргэлж тодорхой хэмжээгээр тренд хэвээр байх болно. Бомбер хүрмийг өдөр тутмын энгийн эсвэл ажил хэргийн цэмцгэр гээд ямар ч хувцаслалт дээр хослуулж өмсөх боломжтой байдаг. Шинэ улиралд гэнэтийн өнгө, материал, хээ угалзтай бомберыг сонгож, туршилт хийхийг санал болгъё.



Урт торгомсог ороолт

Торгомсог материалтай урт ороолтыг зоригтойгоор өмсөх цаг ирлээ. Saint Laurent, Gucci, Missoni брэндүүд хээтэй оролт онцолж, харин Burberry Prorsum тод өнгийн загвар танилцууллаа.

цааш үзэх