Сүлжмэл даашинз, захгүй пиджакууд Fendi брэндийн намар-өвөл 2022 эрэгтэй цуглуулгад
Хүйсэнд баригдаагүй загварууд
Намар-өвөл 2022 улирлын эрэгтэй загварын долоо хоног яг одоо Милан хотноо үргэлжилж байна. Жил бүрийн энэ үед брэндүүд шинэ эрэгтэй цуглуулгаа танилцуулдаг уламжлалтай бөгөөд сүүлийн хэдэн жилийн турш дизайнерууд хүйсийн хамааралгүй загвар урлах нь олширсон билээ. Эрэгтэй хүн хар бараан өнгөөр, нэгэн хэвийн баригдмал байдлаар хувцаслах ёстой гэсэн ойлголт аль хэдийнээ хоцрогдсон төдийгүй эмэгтэй, эрэгтэй хувцас хоорондоо бараг л ялгаагүй болж байна.
Энэ удаад Fendi брэндийн бүтээлч захирал Сильвия Вентурини шинэ цуглуулгаа бүтээхдээ сонирхол татам шийдэлтэй эсгүүр дээр тулгуурлан ажиллажээ. Захгүй пиджакууд, энгэр дээрээ гүнзгий зүсэлттэй сүлжмэл урт даашинзууд, тэр чигтээ брэндийн логогоор бүрхэгдсэн пальто, цамц, том цүнхнүүд зэрэг нь цуглуулгыг тодорхойлсон байна. Үүнээс гадна Сильвия Вентуринигийн стилийг санагдуулам арьс болон үслэг материал хосолсон пальто, куртканууд анхаарлын төвд байлаа. Цуглуулгад даруу, саармаг өнгөнүүд давамгайлсан бөгөөд тайзнаа алхсан моделиуд мини цүнх, талстаар чимэглэгдсэн хүзүүний гоёл, том шигтгээтэй ээмэг, панама малгай, цэцгэн хэлбэртэй энгэрийн зүүлт, урт шилэн оймс, жижиг хүрээтэй нарны шил, сувдан чимэглэл зэргээр төрхөө загварчилсан нь цуглуулгыг илүү амьд болгож чадсан юм.