Адвоа Абоа энэ оны шилдэг загвар өмсөгчөөр тодорч Кайя Гербер ба Хадид эгч дүүсийг ардаа орхилоо
Fashion Awards 2017
Их Британийн Загварын Зөвлөлөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Fashion Awards шагнал гардуулах ёслол энэ жилийнхээ ялагчдыг тодрууллаа.
Тэр дундаа "Оны шилдэг загвар өмсөгч" гэх хүндэт өргөмжлөлийн төлөөх ширүүн өрсөлдөөнд Кайя Гербер, Белла ба Жижи Хадид, Адвоа Абоа, Винни Харлоу гэх одоо цагийн шилдэг загвар өмсөгчид оролцож байсан бөгөөд шүүгчид хүндхэн шийдвэр гаргах шаардлагатай болжээ. Ингээд "сүүлийн 12 сарын турш загварын салбарт тэргүүлж, олон улсын хэмжээнд нөлөө үзүүлж чадсан" гэх шалгуурын дагуу шүүсэн энэ төрөлд өдгөө 25 настай, Их Британиас гаралтай модель Адвоа Абоа ялалт байгуулсан байна.
Мэргэжилтнүүдийн мэдээллэж буйгаар энэ жил бусдаас онцгойрч чадсан үндсэн хоёр модель байсан гэнэ. Тэдний нэг нь мэдээж хэрэг богино хугацаанд олны хайрыг татаж чадсан залуу модель Кайя Гербер юм. Гэхдээ шүүгчид удаан эргэцүүлсний эцэст хүндэт өргөмжлөлийг Адвоад өгөхөөр шийдэж, түүний энэ жилийн хугацаанд хэрэгжүүлсэн олон төсөл, загварын салбарт оруулсан хувь нэмрийг нь зүй ёсны дагуу үнэлжээ.