Хайх

АНУ-д өрнөж буй эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр загварын бутикуудыг дээрэмдэж байна

АНУ-д өрнөж буй эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр загварын бутикуудыг дээрэмдэж байна

“Капитализмыг чөтгөр аваг!”

Text: Buro.Mongolia


АНУ-д олон нийтийг хамарсан эсэргүүцэл өрнөж буйтай холбогдуулан загварын брэндүүдийн бүтикууд халдлагад өртөж байна. Тодруулбал, Лос-Анжелес дахь Родео-Драйв гудамжинд байрших Alexander McQueen, Marc Jacobs, Gucci, Hermès болон Louis Vuitton брэндүүдийн дэлгүүрт тэмцэгчид дайрч оржээ. Дэлгүүрүүдийн үзмэрийн цонх болон фасад дээр "Капитализмыг чөтгөр аваг!", "Баячуудыг барьж ид", "Хувьсгал өрнөж байна" зэрэг үгс бичигдэж, дэлгүүрүүд доторх хувцас болон аксесуаруудыг дээрэмдсэн байна.

Олон нийтийн сүлжээнүүдэд хүмүүс Nike-гийн дэлгүүр лүү дайран орж, шинэ бүтээгдэхүүнүүдийг авч гарч буй бичлэгүүд нийтлэгдсэн ба Hermés брэндэд ч ийм зүйл тохиолдсон байна. "Хүмүүс брэндийн дэлгүүрээс гартаа Birkin цүнх барин гарч ирж байна" хэмээн нэгэн Twitter хэрэглэгч мэдээллэсэн юм. Хэдийгээр брэндүүд эсэргүүцлийн хөдөлгөөнд өртөхгүйн тулд дэлгүүрүүдээ хамгаалалтад аваад байсан ч энэ нь тэмцэгчдэд саад болоогүй байна.

Тэмцэгчид загварын брэндүүдийг капитализмын бүтээгдэхүүн гэж харж байгаа бөгөөд энэ үйлдлээрээ дамжуулан системийн эсрэг буйгаа харуулж байна. Instagram дахь загварын салбарын тухай нийтлэл бэлтгэдэг алдарт Diet Prada хуудас ч мөн болж буй үйл явдлын талаар санал бодлоо хуваалцаж, энэ тохиромжгүй үед Louis Vuitton брэнд шинэ загварын гар цүнхээ сурталчлах зорилгоор цүнхний дээжүүдийг зөвхөн цагаан арьстай инфлюэнсерүүдэд илгээсэн болохыг онцолсон юм. Мөн энэ үед ихэнх загварын орднууд эсэргүүцлийг дэмжиж, арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг буйгаа илэрхийлэхийн оронд чимээгүй өнгөрч буйг тус хуудас тодотгожээ.

Сүүлийн хэд хоногийн хугацаанд Лос-Анжелесын бүх дэлгүүрүүд халдлагад өртсөн бөгөөд тэр дунд тэмцэгчдийг дэмжиж буй Adidas Originals брэнд ч бас багтсан байна. Ижил нөхцөл байдал мөн Нью-Йорк хотод ажиглагдаж байна.

Эргэн сануулахад, АНУ дахь эсэргүүцлийн жагсаал тавдугаар сарын 25-нд Миннесота мужийн Миннеаполис хотод, цагдаа нар африк-америк гаралтай Жорж Флойдын амийг зэрлэгээр хөнөөсний дараа эхэлсэн юм. Хохирогч Жорж Флойдыг хүнсний дэлгүүрт хуурамч 20 ам.долларын дэвсгэртээр тооцоо хийсэн гэх хэргээр баривчилсан билээ.

Цагдаагийн офицер Дерек Човин баривчилгааны үеэр Жорж Флойдыг гавлаж, газар хэвтүүлэн хүзүүн дээр нь өвдөглөн найман минут гаран байсны улмаас сэжигтэн амьсгал хураасан юм. Цагдаагийн газраас Флойд эсэргүүцсэн гэх шалтгаанаар өөрсдийн үйлдлийг зөвтгөөд байгаа ч хяналтын камерууд болон хэргийн газарт байсан гэрч нарын мэдүүлж буйгаар нөхцөл байдал эсрэгээрээ өрнөсөн аж.

Хүмүүс хууль сахиулах байгууллагын харгислал, тэр дундаа АНУ-ын хар арьст иргэдийг чиглэсэн харгислалыг эсэргүүцсээр байна. Цагдаа нар хүний эрхийн төлөө жагсаж байсан тайван тэмцэгчдэд ч хүртэл харгис хандан баривчилж байсны улмаас ийнхүү нөхцөл байдал үймээн самуун болон хувирчээ.

 

цааш үзэх