Хайх

Buro 24/7 шинэ гүйцэтгэх захирал томилж, төв оффисоо Лондон руу шилжүүллээ

Buro 24/7 шинэ гүйцэтгэх захирал томилж, төв оффисоо Лондон руу шилжүүллээ

Компани шинэ түвшинд гарахад бэлэн боллоо

Text: Buro.Mongolia


Зураг:

Олон Улсын Buro 24/7 компанийн шинэ гүйцэтгэх захирлаар өмнө нь уг төслийн Австралийн салбарыг удирдаж байсан Ник Смит томилогдлоо. Смит цаашид Buro 24/7-гийн нийт 11 улс орны салбаруудын үйл ажиллагаа ба хөгжүүлэлтийг хариуцаж, мөн компанийн албан ёсны хамтрагч System сэтгүүлтэй хүчээ нэгтгэн шинэ төслүүд дээр ажиллах болно.

"Бид шинэ удирдлагад их баяртай байна. Никийн туршлага ба чадвар компанийн ирээдүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, уншигчдын тоо өсөж, орлого нэмэгдэхэд нөлөөлнө гэж бодож байна. Бидний Buro 24/7 ба System сэтгүүлийг өргөтгөх төлөвлөгөө, контентын тал дээр хэрэглэгчиддээ санал болгодог бүтээлч ба шинэлэг байдал, мөн чадварлаг шинэ удирдлага нийлээд амжилтын төгс томьёо болж байна" хэмээн System сэтгүүлийн үүсгэн байгуулагчдын нэг Элизабет фон Гуттман сэтгэгдлээ хуваалцжээ.

Ингээд Buro 24/7-гийн удирдлагад хийгдсэн шинэчлэлтийн дагуу компанийн digital захирлын албан тушаалд Мэтт Жонс очиж, бүтээлч захирлын суудалд Патрик Во томилогдож, харин хөгжүүлэлтийн захирлаар Лесли Жума гэх Хятад, Орос ба Герман улсуудад маркетингийн удирдах албан тушаалуудад арвин туршлага хуримтлуулсан мэргэжилтэн тодорсон байна.

Buro 24/7-гийн хамт олон шинэ гүйцэтгэх захирал Ник Смитийн ирээдүйн ажлын төлөвлөгөөг тодруулах үүднээс богино хэмжээний ярилцлага авлаа.

Та Buro 24/7 төслийн алсын харааг хэрхэн тодорхойлж байна вэ?

Buro 24/7 бол анхнаасаа digital форматаар гарч, шинэ зах зээлүүдийг байлдан дагуулж, залуу үеийнхнийг чиглэсэн, шинэлэг медиа брэнд гэдгээрээ алдаршсан төсөл. Энэ концепци дээр тулгуурлан бид шинэ багийн хамтаар олон улсын медиа сүлжээгээ уншигчид ба хамтрагчиддаа илүү хүртээлтэй болгохоор зорин ажиллана.

Таны бодлоор Buro 24/7 нь юугаараа бусдаас онцлог вэ?


Юуны түрүүнд Buro 24/7 нь танилцуулагдсан улс орон, зах зээл бүрдээ хүчтэй байр суурь эзэлж чадсан. Мөн Buro 24/7 шинэ эриний залуусыг сайн ойлгодог. Залуус өнөөдөр тансаг байдлыг цоо шинээр хүлээн авч, энэ ойлголтонд зөвхөн загвар ба гоо сайхан гэлтгүй, мөн аялал, соёл ба урлаг гэх амьдралын бусад бүрэлдэхүүнүүдийг хамруулдаг болсон. Бид тансаг байдал гэх ойлголтыг уншигчиддаа хувцасны шүүгээ, цагаа нөхцөөх арга барил болон шинэ сэтгэгдэл гэх сэдвүүдээр дамжуулан нэгдмэл байдлаар хүргэх дуртай. Түүнчлэн миний бодлоор манай олон улсын сүлжээнд дотоодын уншигчдаа сайн ойлгодог, төрөл бүрийн мэдлэг ба туршлагатай, маш олон чадварлаг мэргэжилтнүүд ажиллаж байгаа нь энэхүү төслийг онцгой болгодог. Би улс орон бүрийн салбар дахь хамт олонтой биечлэн танилцахдаа их баяртай байх болно.

Buro 24/7-гийн шинэ төв оффис яагаад Лондон хотод байрлахаар болсон бэ?

Лондон дахь төв оффисын тусламжтайгаар бидний өмнө илүү олон үүд хаалга нээгдэж, олон улсын хэмжээнд илүү өргөн хүрээний хэтийн төлөвлөгөө боловсруулах боломжтой болно. Их Британи улс дахь удирдлага, мөн дэлхийн өнцөг бүрт байрласан салбаруудын ачаар манай компани шинэ түвшинд гарах бүхий л бололцоо бүрдэж байна.

Шинэ төв оффисын талаар дэлгэрэнгүй ярьж өгнө үү.

Бид дөнгөж сая Сохо дүүрэг дэхь Грейт-Мальборо гудамжинд байрласан шинэ оффис руугаа нүүж ороод байна. Мөн бидний албан ёсны хамтрагч, дэлхийн хэмжээний загварын нэр төртэй System сэтгүүлийн хамт олон ч бас энд байршсан байгаа. Манай хамт олонд digital захирал Мэтт Жонс ба бүтээлч захирал Патрик Во гэх шинэ авьяаслаг хүмүүс нэмэгдсэн. Мэтт өмнө нь KCD гэх Apple, Calvin Klein, Gucci ба Versace брэндүүдэд үйлчилгээ үзүүлж байсан PR агентлагт ажиллаж, түүнчлэн Dazed Media Group-ийн digital хэлтсийн тэргүүнээр туршлага хуримтлуулсан нэгэн. Харин Патрикийн хувьд өмнө нь Topshop ба Topman брэндүүдийн хөгжүүлэлт дээр ажиллаж, Pop ба Arena Homme + сэтгүүлүүдэд арт-директорын албан тушаал хааж байсан. Түүнчлэн бид ойрын ирээдүйд олон улсын харицлагчиддаа бидний контент бүтээх явцад илүү оролцоотой байх боломжийг олгохоор төлөвлөж байгаа.

Та өөрийнхөө мэргэжлийн туршлагаасаа хуваалцаач.

Би медиа ба хэвлэлд маш хайртай бөгөөд Австралийн медиа салбарт олон жил ажилласан. Надад GQ Australia сэтгүүлийн ерөнхий редактораар, мөн дараагаар нь News Corp Australia медиа корпорацийн Prestige & Lifestyle чиглэлийн захирлаар ажиллах нэр төртэй завшаан олдсон. Би энэ ажлынхаа хүрээнд buro247.com.au, Vogue Australia, Vogue Living, GQ Australia болон бусад төслүүдийг тэргүүлж байсан.

Эцэст нь та Лондонгийн амьдралд хэрхэн дасан зохицож байна вэ?

Үнэнийг хэлэхэд эндэхийн цаг агаар хүмүүсийн яриад байдаг шиг тийм ч муу биш юм. Удахгүй зун эхлэх гэж байгаа тул бид хамгийн зөв цагт нүүж ирсэн гэж бодож байна. Би ирснээс хойших дийлэнх хугацаагаа шинэ хамт олон, мөн гол хамтрагчидтайгаа танилцахад зарцуулсан тул чөлөөт цаг бараг л гарсангүй. Гэхдээ удахгүй Лондонгийн ресторануудад хоол амталж, олон сонирхолтой газрыг өөртөө нээж илрүүлэхийг тэсэн ядан хүлээж байна шүү.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх