Хайх

Cashmere workshop намар/2016 загварууд гарлаа

Илүү чөлөөтэй

Text: Ж.Чинбат


Намрын баялаг өнгө багтаасан, бохо, чөлөөт загварын хурц хатгамал хослуулан хийсэн шинэ загваруудыг нь сонирхоцгооё

Cashmere Workshop -ын өмнөх жилийн цуглуулгуудад гоёлын даашинз түлхүү байсныг та бүхэн санаж байгаа биз ээ. Ноолуурын тансаг, сайхан байдлыг улам баяжуулахдаа тэд винтэж тор, хатгамал сваровски шигтгээ зэргээр загварынхаа чиг хандлагыг илүү тодотгодог. Тэгвэл энэ удаа чөлөөт, бохо загвар санал болгож байгаа хэмээн тус брэндийн дизайнер П.Энхмөнхөө хэлж байна.

Хөдөлгөөний эрх чөлөө олгох, биед эвтэйхэн шинэ загварын даашинз, цамц, пальтонуудаа өдөр тутам, ажил хэрэг болон үдшийн гоёлын аль ч үед сонгон өмсөхөд тохиромжтой байхаар дизайнер бодож ажиллажээ. Мөн сүлжмэл ноолуураар хийсэн зарим пальто нь гайхалтай зузаан болсон бөгөөд арваннэгдүгээр сарын сүүлч хүртэл өмсөж болохуйц ажээ.

Шинэ цуглуулгын зураг авалтаас харахад сонгодог өнгө голчилсон бөгөөд намрын улбар, пастель ягаан өнгө хосолсон цамц /пальто ч гэж болохуйц/, юбка нь илүү сонирхолтой санагдлаа. Загваруудыг чимэглэхдээ тод өнгийн гар хатгамал, торго болон торон материал хослуулжээ. Брэндийн захирал П.Энхчимэгээ хэлэхдээ, "Сүлжмэл ноолуурыг шууд эсгээд загвар гаргачихдаггүй болохоор бидний гол онцлог, хэв маяг бол өнгөний шийдэл болон нарийн чимэглэл юм" хэмээн тодорхойллоо. Жишээ нь, энэ жилийн загварт орж ирсэн торго нь өвөрмөц шийдэл болсон гээд, эхлээд харахад торго гэж мэдэгдэмгүй байлаа ч хэрэглэгч өмсөхөд өөрт нь их гоё тансаг мэдрэмж төрүүлнэ гэлээ.

Энэ жил Cashmere Workshop-ын сурталчилгаанд дуучин Ц.Намуун хамтран ажиллажээ. Дашрамд дурдахад Сashmere Workshop брэндийн загварууд нь олон тоогоор гарахгүй юм байна.

цааш үзэх