Chanel cruise 2019 шоуны сүрлэг тайз засал түүхэнд бичигдэх магадлалтай байна
Шинэ цуглуулгын загварууд, шоуны уур амьсгал болон хүрэлцэн ирсэн зочид
Загварын шоу зохион байгуулахдаа хамгийн гаргууд гэж тооцогддог Chanel ордон ээлжит удаагаа биднийг гайхшрууллаа. Тодруулбал тэд 2019 оны аяллын цуглуулгадаа зориулан Парисын Grand Palais ордонд аварга том усан онгоц байршуулжээ.
"La Pausa" хэмээн нэрлэгдсэн тэрхүү нүсэр том онгоц нь далайн сэдвийн дагуу хийгдсэн шинэ цуглуулгатай сайхан уусаж, шоуны ерөнхий зохиомжийг гаргаж өгсөн юм. Усан онгоцноос гарч ирэн онгоцыг тойрон алхах Жижи ба Белла Хадид, Стелла Максвелл, Адут Акеч гэх зэрэг моделиуд цагаан өнгийн тирко, берет малгай болон судалтай хослолоор гоёсон байлаа. Энэ удаагийн шинэ загварууд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард танилцуулагдсан далайн сэдэвтэй Métiers d'Art цуглуулгын үргэлжлэл мэт харагдсан бөгөөд цуглуулга бүхэлдээ цагаан өнгө, хөх өнгийн судалтай хээ, берет болон дэрсэн малгай, твид материал бүхий юбкатай хослол, босоо судалтай өмд, бөмбөгөр ханцуйтай даашинз зэргээс бүрдсэн байв. Лагерфельд эдгээр загварууд дээр ажиллахдаа Коко Шанелийн Европын орнуудаар хийдэг байсан дарвуулт онгоцтой аяллаас санаа аван түүний тухайн үеийн стиль ба амьдралын хэв маягийг цуглуулгадаа шингээхийг зорьсон юм. Коко Шанель тэдгээр аяллуудынхаа үеэр ихэвчлэн эрэгтэй эсгүүртэй, биед эвтэйхэн, сул хувцаснууд, тэр дундаа дөрвөлжин хэлбэртэй шоорт, oversize хүрэм сонгох нь элбэг байжээ.
Харин загварын шоуны зочдын хувьд Холливүүдийн "А" зэрэглэлийн одууд болох Кристен Стюарт, Лили Роуз-Депп нар эхний эгнээг эзэлсэн байв. Chanel ордон урьд өмнө нь шоуныхаа үеэр аварга том хүрхрээ, пуужин гэх зэрэг инсталляциуд босгож байсан туршлагатай хэдий ч, энэ удаагийн усан онгоц брэндийн түүхэн дэхь хамгийн сүрлэг тайз заслаар тодорч байна.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт