Dolce & Gabbana муслим эмэгтэйчүүдийн алчуур болон нөмрөгөөс бүрдсэн цуглуулга гаргалаа
Чухал алхам
Энэхүү мэдээг анх дизайнер Стефано Габбана өөрийн Instagram хуудсаараа дамжуулан олонд хүргэлээ. Dolce & Gabbana брэнд Ойрхи Дорнодын муслим хэрэглэгчдэд зориулсан цуглуулга гаргасан талаар мэдээ шуугиан дэгдээгээд байна. Хувцаснууд нэлээд даруу төрхтэй болсон хэдий ч Dolce & Gabbana-гийн брэнд хэв маягийг өөртөө агуулжээ. Тодруулбал бага зэргийн үнэт чулууны хатгамал бүхий нимбэгний дүрснүүд, хар торон нэхээстэй эмжээр гэх зэрэг бид бүгдийн хайртай элементүүд хувцаснуудад орсон байна. Цуглуулгын каталогийн зураг авалтад зориулж модель шинэ загваруудыг брэндийн алдарт oversize нарны шил, үнэт эдлэл болон хээтэй цүнхтэй хослуулан барьжээ. Тансаг зэрэглэлийн загвар сонирхдог муслим бүсгүйчүүдийн хувьд энэ цуглуулга том дэвшилт юм.
Сүүлийн жилүүдэд DKNY, Oscar de la Renta, Tommy Hilfiger, Mango, ба Monique Lhuillier зэрэг брэндүүд Исламын Рамадан гэх ариун сарын үеэр борлуулагдах, Ойрхи Дорнодын бүсгүйчүүдэд зориулсан тусгай цуглуулга гаргаж эхэлсэн. Гэхдээ судалгааны дагуу Муслим зах зээл зөвхөн тэр сард биш, харин бүх жилийн турш тансаг зэрэглэлийн бараанд их хэмжээний мөнгө зарцуулахад бэлэн хүмүүс маш их байгаа нь батлагдсан байна. Тэгэхээр дизайнеруудын хувьд шинэ улирлын цуглуулга болгондоо муслим хэрэглэгчдэд зориулсан, илүү даруу загварууд багтааж байх нь ухаалаг алхам болох нь ээ. Юутай ч хоёрдугаар сард эхлэх загварын долоо хоногийн үеэр юу болохыг харцгаая.