Дуучин Бейонсегийн аялан тоглолтын эргэн тойронд: Түүний фенүүдийн содон стилийг сонирхоцгооё
Дуучин Бейонсегийн карьерынхаа туршид хийж буй ес дэх аялан тоглолт болох “Renaissance” нь өнгөрсөн сарын 10-нд Шведийн Стокгольм хотоос эхэлж, тавдугаар сард нийт таван орны томоохон цэнгэлдэх хүрээлэнгүүдийг пиг дүүргээд байна. Хамгийн сүүлд 2016 оны “Formation” нэртэй аялан тоглолтоос хойш долоон жилийн дараа хийж буй уг шоу Европ болон Хойд Америкийн хотуудад нийт 57 удаа зохион байгуулагдаж, ирэх есдүгээр сарын 27-ны өдөр өндөрлөх юм. “Renaissance” нь түүний долоо дахь цомог бөгөөд 2022 оны зун худалдаанд гарсныхаа дараа Грэмми шагнал гардуулах ёслолын есөн төрөлд нэр дэвшсэнээс дөрөвт нь ялалт байгуулжээ. Тэрээр тавдугаар сарын 29-нөөс зургаадугаар сарын 4-ний хооронд Лондон хотын хамгийн том, 62,850 хүний багтаамжтай “Tottenham Hotspur” цэнгэлдэх хүрээлэнд таван удаагийн шоу тоглолт хийж буй. Хоёр хэсэг тайзтай, гурван цаг орчим үргэлжлэх тоглолтынхоо үеэр алдарт дуучин маань Alaïa, Mugler, Gucci, Loewe болон Balmain гэх мэт брэндүүдийн загвараар гоёж, зургаан өөр төрлийн дүр төрх, уур амьсгалыг бүрдүүлсэн нь үзэгч фенүүд болон мэргэжилтнүүдийн сайшаалыг хүртсээр байна. Тэгвэл Бейонсегийн үнэнч фенүүд шүтээнээсээ дутахгүй загварын мэдрэмжтэй гэдгээ харуулж, Лондонд болсон эхний шоу тоглолтын үеэр харц булаам загварлаг, сонин содон төрхүүдийг амилуулсныг уншигчдадаа сонирхуулъя.