Gucci хятад дэлгүүрүүдээс есөн сая доллар шүүхдэж авлаа
Дуураймал бүтээгдэхүүн борлуулдаг вебсайтууд хариуцлага хүлээнэ
Хятадын интернет дэлгүүрүүд италийн Gucci брэндэд есөн сая доллар төлөх үүрэгтэй боллоо. Энэхүү шийдвэрийг Флорида мужийн Холбооны шүүх гаргажээ.
Gucci брэндийн дуураймал бүтээгдэхүүн борлуулдаг байсан нийт 89 онлайн дэлгүүр шүүхийн шийдвэрийн дагуу тус бүрдээ 100,000 долларын нөхөн олговор төлөх шаардлагатай болсон байна. Мөн "Gucci" гэх үгийг вебсайтынхаа домэйн нэрэнд ямар нэгэн байдлаар ашигласан байгууллагууд нэмэлт торгууль төлөхөөр шийдвэрлэгджээ.
Хятадад суурилсан атлаа АНУ ба Европын зах зээл рүү чиглэдэг ийм дуураймал бүтээгдэхүүн борлуулдаг олон вебсайт бий. Gucci ордон тэдгээр вебсайтын эсрэг тэмцэж буй цорын ганц брэнд биш юм. Одоогийн байдлаар Dior 400 гаруй вебсайтын эсрэг мэдүүлэг өгч, Флорида мужийн шүүхээр заргалдаж байна.