H&M x Kenzo хамтарсан цуглуулгын анхны зургууд гарлаа
Kenzo, Paris
Шведийн алдарт H&M брэнд энэ удаагийн шинэ хамтрагчаараа Кenzo брэндийг сонгосон гэдгээ өнгөрсөн тавдугаар сард Instagram хуудсаараа дамжуулан зарлаж байсан. Харин өнөөдөр тус хамтын ажиллагааны анхны зургууд нийтлэгдлээ
Kenzo брэндийн бүтээлч захирлууд болох Кэрол Лим ба Умберто Леон нар H&M-д зориулан ямар цуглуулга хийх бол гэдэг хүлээлт хүмүүсийн дунд маш их үүсээд байсан. Учир нь Парисын загварын долоо хоног дээр шинэ загвараа толилуулдаг Kenzo-гийн хувцсаар гангарах хүсэлтэй сая, сая хүмүүс хуримтлалынхаа алтан гахайнууд дотор Кenzo нэртэй шинэ "гахай" нэмэх хэрэгтэй болдог. Тэгвэл масс зах зээлд зориулсан боломжийн үнэтэй хувцас гаргадаг H&M-тэй хамтарсан Кenzo-гийн цуглуулга энэ удаад Кenzo-гийн шүтэн бишрэгчдийг баярлуулах нь ээ.
H&M-ын хүндэт зурагчин Олив0р Хадли Перчийн авсан анхны зургуудад Кenzo-гийн гол бэлгэ тэмдэг болсон барын эрээн судал бүхий леггинс, жаккард гадаргуутай түрийтэй гутал, жийнс болон хоолойтой цамцнууд харагдлаа. Дашрамд дурдахад H&M x Kenzo цуглуулгын хувцаснууд ирэх арваннэгдүгээр сарын 3-нд худалдаанд гарах юм. Тэгэхээр шинэ цуглуулга гарах хүртэл хоёр брэнд бидэнд бага, багаар нууцаасаа дэлгэх биз ээ.