
Hermès дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй тансаг зэрэглэлийн компани боллоо
Зах зээлийн үнэлгээ 243.65 тэрбум евро
Hermès компанийн зах зээлийн үнэлгээ Францын конгломерат LVMH-ийн үнэлгээг давсан тухай Bloomberg мэдээллээ.
Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Hermès International SCA компанийн зах зээлийн үнэлгээ 243.65 тэрбум еврогоор хэмжигдсэн бол Louis Vuitton Moët Hennessy SE-ийн үнэлгээ 243.44 тэрбум евро болж буурсан үзүүлэлт гарчээ. Энэ нь 2025 оны эхний улирлын санхүүгийн тайлан доогуур үзүүлэлттэй гарснаар LVMH-ийн хувьцааны үнэ хөрөнгийн бирж дээр 8.35 хувиар унасантай холбоотой юм.
Ингэснээр Hermès компани Францын CAC40 хөрөнгийн биржийн индекс дэх хамгийн өндөр үнэлгээтэй компани боллоо. Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд тансаг хэрэглээний зах зээл харьцангуй тогтворгүй байдалтай байгаа ч Hermès борлуулалтаа тогтвортой хадгалж, зарим өрсөлдөгчдөөсөө давуу байр суурийг олж чадаад байна.
Дашрамд дурдахад, 15 жилийн өмнө LVMH групп “Birkin” цүнхээрээ алдар нэрд хүрсэн Hermès компанийг худалдан авах оролдлого хийж байжээ.