Jacquemus брэндийн шинэ цуглуулга болон загварын шоунд хүрэлцэн ирсэн зочид
Өчигдөр Jacquemus брэндийн 2025 оны хаврын шинэ цуглуулга Францын нэрт архитектор Огюст Перрегийн Парис дахь өргөөнд танилцуулагдлаа. “La Croisière” нэртэй тус шоунд олны танил 45 эрхэм уригдсан бөгөөд зураг авалт 17 ширхэг iPhone 16 Pro Max утас дээр хийгдсэнээрээ онцлогтой. Энэ нь загвар болон технологийн төгс зохицлыг харуулж буй хэрэг юм.
Симон Порт Жакмюс шинэ цуглуулгын нарийн деталь бүрд онцгойлон анхаарч, брэндийн тогтсон хэв маягийг илүү боловсронгуй, шинэ түвшинд ирснийг харуулахыг хичээжээ. Тэрээр "Би энэхүү цуглуулгаараа дамжуулан ямар нэгэн хуурмаг зүйлгүй, яг байгаагаараа өөрийгөө та бүхний өмнө 'нүцгэлэхийг' хүслээ" хэмээн хуваалцсан юм. Шинэ цуглуулгад "нүцгэн" даашинз, давхар энгэртэй хүрэм, элсэн цаг хэлбэртэй жакет, сонгодог силуэт, 1950-иад оны гламур уур амьсгал давамгайлсан байлаа.
Энэхүү цуглуулга нь брэндийн хувьслыг тодорхой харуулж байгаа бөгөөд Jacquemus хөнгөн, романтик байдлаар хязгаарлагдахаа больж брэндийн илүү сонгодог, төлөвшсөн эрин үе ирснийг илэрхийлж байна. Уг бүтээл нь Симон Порт Жакмюсийг зүгээр нэг “залуу загвар зохион бүтээгч” биш харин загварын салбарын чадварлаг уран бүтээлч гэдгийг харуулж чадлаа.
Загварын шоуны тайзнаа Адриана Лима, Кристи Тарлингтон, Даутцен Крус тэргүүтэй супермоделиуд алхсан бол шинэ бүтээлүүдийг сонирхохоор эхний эгнээнд дуучин Тайла, жүжигчин Памела Андерсон, Одри Тоту, супермодель Карла Бруни, америк хөлбөмбөгийн тамирчин Стефон Диггс зэрэг олны танил эрхмүүд хуран цугларчээ.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт