Хайх

Канье Уэстийн сонгон шалгаруулалтад 500 гаруй модель оролцлоо

Канье Уэстийн сонгон шалгаруулалтад 500 гаруй модель оролцлоо

Хүн бүр Yeezy Season 4-ийн шоунд оролцохыг хүсч байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Энэ долоо хоногийн гурав дахь өдөр Нью-Йорк хотод Yeezy маркийн Season 4 цуглуулгын загварын шоу болж өнгөрнө. Үүнтэй холбогдуулан Канье Уэст загвар өмсөгчдийн сонгон шалгаруулалт зарлажээ

Хоёр хоногийн өмнө дуучин Канье Уэст өөрийн Twitter хуудсаараа дамжуулан загвар өмсөгчдийн сонгон шалгаруулалт зарлаж буйгаа мэдэгдсэн юм. Үүнд: "Дөрөвдүгээр улирал. Сонгон шалгаруулалт. Зөвхөн олон үндэстний хольцтой загвар өмсөгчид оролцож болно. Нүүрээ будах хэрэггүй. Унаган төрхөөрөө хүрэлцэн ирээрэй" гэсэн байлаа. Энэхүү нийтлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсаны маргааш өглөө нь товлосон газарт 500 гаруй модель цугларчээ.

WWD сэтгүүлийн сурвалжлагчид дарааллан зогсож буй зарим нэг загвар өмсөгчдөд хандан, сонгон шалгаруулалтаас юу хүлээж буйг нь асуухад: "Канье бусдаасаа маш ихээр ялгардаг. Миний бодлоор түүний зохиодог шоунууд бүгд их сонирхолтой болж өнгөрдөг. Хамгийн гол нь энэ загварын шоунд ямар ч бүсгүй оролцох боломжтой. Тэд өндөр эсвэл намхан, тэг эсвэл дөрвөн размерын хувцас өмсдөг байх нь огт хамаагүй. Энэ бол хүн бүрт нээлттэй боломж юм" гэж хариулжээ.

Гэхдээ Каньегийн зарласан сонгон шалгаруулалтын нөхцөл байдал зарим хүмүүсийн дургүйцлийг хүргээд амжлаа. Twitter хэрэглэгчид дуучинг арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан хэрэгт буруутгаж, зөвхөн олон үндэстний хольцтой моделиудыг шоундаа оруулах болсон нь Африк-Америк гаралтай бүсгүйчүүдийг санаатайгаар тусгаарласан үйлдэл болж буйг онцолжээ. Канье одоогоор ямар нэгэн хариу мэдэгдэл гаргаагүй байна.

цааш үзэх