Карантины үеийн загварын шүтээн: 2000-аад оны Пэрис Хилтон
Өхөөрдөм бяцхан нохой, гялалзсан шигтгээ, ягаан өнгө ба дуу шуугиантай үдэшлэгүүдэд дуртай Пэрис Хилтон тодорхой нэг чиглэлээр ажил хийдэггүй, онц гойд авьяасгүй ч асар алдартай нэгэн байсан. Дэлхийн олон сая хүмүүс түүний талаар ярилцаж, амьдралыг нь сонирхдог байлаа. Саяхан л гэхэд King Kong нэртэй сэтгүүл шинэхэн дугаараа Пэрис Хилтонд зориулж, түүнийг "famous for being famous" буюу зүгээр л хүмүүсийн ярианы сэдэв болсон учраас алдарт хүрсэн шинэ төрлийн алдартнуудын гарааг тавьсан анхдагч хэмээн тодорхойлжээ.
Өнөөдөр бид Пэрисийг чинээлэг өв залгамжлагч, реалити шоуны од, модель ба DJ, мөн 2000-аад оны загварын шүтээн гэж хардаг. Тэр дундаа сүүлийн хоёр жилд 1990 болон 2000-аад онуудын стиль эргээд моданд орсон төдийгүй коронавирусийн дэгдэлтийн улмаас хүмүүс гэртээ карантинд орон, биед эвтэйхэн хувцас илүүд үзэж байгаатай холбогдуулан Пэрис Хилтоны стиль энэ мөчид бүр ч илүү хамааралтай болж байна.
Тэрээр яг л карантины үеийн стилийг аль 20 жилийн өмнөөс урьдчилан зөгнөж байсан гэлтэй үргэлж биед эвтэйхэн Juicy Couture спорт хослолууд, дотуур хувцас мэт харагдах богино торон даашинзууд, богино топ ба майканууд өмсөн, улаан хивсэн дээр ч хүртэл энэ стилиэ хадгалдаг байсан билээ.
Тусгаарлалтын үе хэдий хүртэл үргэлжлэх нь тодорхойгүй байгаа тул бид Пэрис Хилтоноос хувцаслалтын санаа аван, амар амгалан 2000-аад оныг эргэн дурсахыг санал болгож байна.