Хайх

Kenzo брэндийн бүтээлч захирлын албыг Япон гаралтай дизайнер Ниго хашихаар болжээ

Kenzo брэндийн бүтээлч захирлын албыг Япон гаралтай дизайнер Ниго хашихаар болжээ

Text: Buro.Mongolia


Kenzo загварын ордны бүтээлч захирлын албан тушаалд Японы streetwear хувцасны A Bathing Ape брэндийн үүсгэн байгуулагч Томоаки Нагао буюу хүмүүсийн дуудаж заншсанаар Ниго томилогджээ. Энэхүү үйл явдлын талаар LVMH Fashion Group-ын гүйцэтгэх захирал Сидни Толедано “Маш чадварлаг Япон дизайнер бидний багт орон ажиллана гэдэг нь Такадагийн үүсгэн байгуулсан Kenzo загварын ордны хувьд шинэ хуудас нээгдэж байна гэсэн үг юм. Нигогийн бүтээлч, инновацлаг сэтгэлгээ болон тус брэндийн түүхтэй холбоотой байдал нь Kenzo-гийн хүчин чадлыг илүү өргөжүүлж, бүрэн гаргаж чадна гэдэгт би итгэлтэй байна” хэмээн дурдсан юм. Ниго ийнхүү Кензо Такадагаас хойш Kenzo ордны бүтээлч захирлын албан тушаалыг хаших  анхны Япон гаралтай дизайнераар тодорч байгаа билээ.

1993 онд үүд хаалгаа нээж байсан түүний A Bathing Ape брэнд нь камуфляж хээ, акулын зурагтай hoodie цамц, аянга, одтой пүүзээрээ алдартай. Нигогийн поп хэв маягийн эдгээр загварууд нь Фаррелл Уильямсын тусламжтай АНУ-д танигдаж, улмаар анхны салбар дэлгүүрээ Нью Йорк хотод нээж байсан юм. Мөн тэрээр одоо LVMH-д нэгдсэнээр эртний найз, хамтрагч Виржил Аблотой хамтарсан бүтээлүүдээ гаргана хэмээн бид найдаж байна. Учир нь Виржил Абло Louis Vuitton ордны бүтээлч захирлаар ажиллаж эхэлснээсээ хойш сонгосон хамгийн эхний хамтрагч нь Ниго байсан бөгөөд “Тэр бол загварын салбарт намайг чиглүүлдэг анхны жинхэнэ менторуудын минь нэг” хэмээн хэлсэн байдаг.

Дизайнер Ниго энэ сарын 20-ноос эхлэн шинэ ажлаа хүлээж авах бөгөөд энэ жилдээ багтан анхны загваруудаа толилуулахаар төлөвлөж байна. Түүний A Bathing Ape брэндийн хувцаснууд олон төрлийн хээ, өнгөлөг байдал, тав тухтай болоод амар силуэттэй гэдгээрээ онцлог юм. Харин Kenzo бол өмнөх бүтээлч захирал Фелипе Оливейра Баптистагийн тогтоосон хэв маягийн дагуу дээд зэрэглэлийн спортлог загваруудаар тодорхойлогддог билээ. “Ордны үүсгэн байгуулагч Кензо Такада бол олон төрлийн соёлыг судлан, хүндэтгэж, үүнээсээ санаа аван бүтээлүүдээ урладаг байсан. Би ч мөн энэхүү үзэл баримтлал дээр суурилан хувцаснуудаа гаргадаг” гэж Ниго хэвлэлийн бага хурлын үер хэлсэн бөгөөд “Түүнчлэн надад олгосон энэхүү үүрэг, даалгавар нь миний 30 жилийн карьерын турш тохиолдсон хамгийн үнэ цэнэтэй боломж бөгөөд Кензогийн үндсэн үзэл санааг алдагдуулалгүй шинэ Kenzo-г баг хамт олныхоо хамт бүтээх болно” хэмээн онцолсон байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх