Харпер Бекхэм ээждээ футболканы дизайн гаргахад туслалаа
Сайн үйлс
Виктория ба Дэвид Бекхэм нар хүүхдүүдийнхээ ололт амжилтаар маш их бахархдаг гэдгээ тогтмол харуулдаг билээ. Тэдний хүү Бруклин гэрэл зургийн чиглэлээр өөрийгөө хөгжүүлж, Ромео загвар өмсөж, харин Круз дуулах дуртай бол гэр бүлийн хамгийн отгон гишүүн ба цорын ганц гүнж Харпер урлагийн авьяастай бололтой. Виктория Бекхэм таван настай охиныхоо зурсан зургийг 2016 оны Дэлхийн ДОХ-ын өдөрт зориулсан футболка дээр хэвлэжээ.
Энгийн эсгүүртэй, цагаан өнгийн футболка дээр Харперын зурсан савхан хүн ба Дэлхийн ДОХ-ын өдрийн бэлгэ тэмдэг болсон улаан тууз үзэгдэх болно. Дашрамд дурдахад Дэвид Бекхэм ч бас охиндоо хэр их хайртайгаа харуулж, зургийг нь шивээс болгон буулгасан байдаг.
Дэлхийн ДОХ-ын өдөрт зориулсан уг футболканы борлуулалтаас олсон бүх мөнгө Born Free Africa нийгэмлэг рүү хандивлагдах болно. Футболкаг www.victoriabeckham.com вебсайт дээрээс £90 фунтаар худалдан авах боломжтой.