Кара Делевинь, Кейт Мосс Alexander Wang-ийн DoSomething төслийн зураг авалтад
Сайн үйлсийн аян
Дарья Вербова, Памела Андерсон, Ликке Ли, Жоан Смоллс гэх зэрэг 38 алдартнууд хамтран DoSomething байгууллагыг дэмжих зорилготой, Стивен Кляйны авсан сурталчилгаанд оролцлоо. Саяхан уран бүтээлийнхээ арван жилийн ойн баярыг тэмдэглэсэн Александр Ванг ч мөн адил уг аянд нэгдэхээр шийджээ. Түүний албан ёсны вебсайтаас сайн үйлсийн аянтай холбогдолтой богино ханцуйтай цамц болон юүдэнтэй цамц худалдан авснаар DoSomething байгууллагын цаашдын үйл ажиллагаанд хувь нэмэр оруулж, хандив өргөх юм.
"Бид сая арван жилийн ойн баярын эхний хэсгийг тэмдэглээд дууслаа. Дараагийн хэсэг бол DoSomething төслийн залуучуудыг дэмжиж, нийгмийн асуудлыг шийддэг буяны байгууллагатай хамтрах явдал юм. Бид Стивен Кляйн ба зураач Паскаль Дангинтай хамтарч брэнджүүлсэн цамцнууд өмссөн 40 орчим алдартнуудын хөрөг зургийг авч байгаа. Борлуулалтын орлого бүгд DoSomething байгууллага уруу шилжинэ. Харин ойн баярын гуравдугаар хэсэг нь есдүгээр сард болох миний шоу байх болно!" хэмээн Александр Ванг ярилаа.