Мэрилин Монрогийн дижитал хувилбар CR Fashion Book сэтгүүлийн нүүрийг чимлээ
Алдарт жүжигчин, дуучин Мэрилин Монротой холбоотой мэдээ, мэдээлэл, скандалууд олны анхаарлын төвд байсаар байна. Өнгөрөгч тавдугаар сард л гэхэд Ким Кардашьян Met Gala үдэшлэгт Мэрилин Монрогийн 1962 онд Жон Ф.Кеннедид зориулан "Төрсөн өдрийн мэнд хүргэе, ноён Ерөнхийлөгчөө" гэж дуулахдаа өмссөн даашинзаар гоёж улаан хивсний хамгийн дуулиант төрхөөр тодорсон билээ. Төд удалгүй уг даашинзны хэсэг газартаа сэмэрч, урагдсан зураг цахим орчинд тавигдаж олныг талцуулаад амжсан. Мөн саяхан Netflix платформ Монрогийн амьдралын талаар өгүүлэх “Blonde” киногоо үзэгчдийн хүртээл болгож, багагүй хандалт аваад байна. Үүгээр ч зогсохгүй түүн шиг нүүрээ будаж, үс засах бичлэгүүд TikTok-ийн трендүүдийн эгнээнд багтаад байгаа юм.
Тэгвэл хэдхэн хоногийн өмнө CR Fashion Book хэвлэлийн Хятад дах салбар нь сэтгүүлийнхээ дөрөв дэх дугаарын нүүрийг Монрогийн зургаар чимжээ. Тэд алдарт уран бүтээлчийн зүгээр ч нэг хуучны зургийг ашиглах биш, харин дижиталаар дүрслээд зогсохгүй Balenciaga, Miu Miu, David Koma, Thom Browne брэндүүдийн хувцсаар нийт найман төрх бүрдүүлсэн байна. “Редактор, стилист бүр агуу хүмүүстэй ажиллахыг мөрөөддөг. Гэхдээ хэн ч Мэрилинтэй харьцуулагдахгүй. Түүний бий болгосон дүр зураг цаг хугацааны шалгуурыг давж байна. Зүгээр л сүүлийн хэдэн сарын турш цацагдаж буй мэдээ, мэдээллийг харахад хангалттай. Загвар, кино болон урлагийн салбар түүний бий болгосон соёлын нөлөөнөөс өдөр бүр урам зориг авч байна” хэмээн нүүр зургийн дижитал стайлинг хариуцсан мэргэжилтэн Карин Ройтфельд хэлжээ.