Сонирхолтой төрх бүрдүүлэхэд тань туслах 8 загварлаг эд зүйл
Хурууны алтан бөгж, нэвт гэрэлтсэн даашинз, панама малгай болон бусад
LOEWE ГУТАЛ
Loewe брэндийн хавар-зун 2023 цуглуулгын олон тооны хийлдэг шаараар бүтсэн гутал загварын долоо хоногийн үеэр багагүй шуугиан дэгдээж чадсан билээ. Уг загвар нь хамгийн энгийн төрхийг ч өнгөлөг болгож чадах тул бидний wish list-ийн тэргүүн байранд жагсаж байна.
SCHIAPARELLI ХУРУУНЫ БӨГЖ
Маникюр хийлгэсэн мэт харагдах төрөл бүрийн дизайнтай гоёмсог бөгжнүүд өмнө жилийн гол трендүүдийн нэгээр тодорсон билээ. Тэгвэл энэ удаад бидний анхаарлыг Schiaparelli брэндийн алтлаг бөгж ихээр татаад байна.
GUCCI НАРНЫ ШИЛ
Дөрвөлжин хүрээтэй авиатор загварын шил хэзээ ч, ямар ч нөхцөлд зүүсэн тохиромжтой байдаг. Харин та уламжлалт хувилбаруудаас залхаад байгаа бол Gucci-гийн винтэж хэв маягийн, өргөн хүрээтэй, шаргал өнгийн линзтэй загварыг сонирхоорой.
JACQUEMUS ПАНАМА МАЛГАЙ
Үслэг панама малгайгаар Белла Хадид, Рианна, Хейли Бибер, Кендалл Женнер зэрэг алдартнууд өдөр тутмын төрхөө бүрдүүлэх дуртай. Тэгвэл Jacquemus брэнд энэ өвөл допамин ялгаруулах тод ягаан өнгийн панама малгайгаар төрхөө чимэхийг санал болгож байна.
BOTTEGA VENETA ГАР ЦҮНХ
Урладаг хувцас болон аксесуарууд нь, хэрэгжүүлдэг төслүүд нь бусдаас онцгой байж чаддаг Bottega Veneta брэндийн шинээр гаргасан цүнх мотоцикл, скутер унахад өмсөх зориулалттай хамгаалах малгайн хэлбэрийг санагдуулна. Энэ жил өвөрмөц хэлбэр дүрстэй, анхаарал татам хийцтэй загваруудаас сонгохыг зөвлөж байна.
CHRISTIAN DIOR УРТ ОЙМС
Цээж болон бэлхүүс хэсгийг ороосон оосор, утас, уяатай аливаа хувцас 2021 оны турш ноёрхсон бол одоо оосор, эсвэл уяатай урт загварын оймс тренд болж байна. Оймс нь загварлаг харагдахад чухал үүрэг гүйцэтгэдэг ба Dior-ын ноосон, уяатай хар оймсны тусламжтай ажил хэрэгч, өдөр тутмын чөлөөтэй, эсвэл үдшийн гээд хүссэн төрхөө бүрдүүлэх боломжтой.
FRANCES.O МЕТАЛЛИК ДААШИНЗ
Сүүлийн жилүүдэд гялалзсан, торон, нэвт гэрэлтсэн бүхий л загварууд дизайнеруудын цуглуулгуудад давамгайлж, шинэ чиг хандлага үүсгэсэн билээ. Харин загварын блогерууд, алдартнууд Frances.O брэндийн металлик даашинз, бра, болон топыг төрөл бүрээр загварчилж байна.
PETER DO АРЬСАН ОРООЛТ
Бэлхүүс тодотгосон урт арьсан хүрэм мэт харагдах энэхүү ороолт нь дахин дахин өмсөх хүслийг төрүүлэх болно. Ямар ч өө сэвгүй, шулуун силуэттэй уг загварыг өвлийн улиралд куртка дотор, харин дулаан улиралд дангаар нь өмсөхөд тохиромжтой.