Загвар өмсөгч Ж.Энэрэл Нью-Йоркийн загварын долоо хоногийн дөрөв дэх шоундаа оролцоно
Өнөөдөр
Нью-Йорк хотод өрнөж буй загварын долоо хоногт энэ жил загвар өмсөгч Ж.Энэрэл амжилттай оролцож байна. Түүний эхний шоу нь есдүгээр сарын 9-нд болсон Hellesy брэндийн дизайнер Силвие Миллштейний танилцуулсан загварын шоу байлаа. Энэ шоунд загвар өмсөгч Ж.Энэрэл алтлаг өнгийн сул өмд, хар судалтай цагаан цамц өмсөн хоёр удаа тайзан дээр гарсан бөгөөд Vogue.com-ын загварын шоуны тоймд зураг нь гарчээ.
Загвар өмсөгч Ж.Энэрэлийн хувьд өмнө нь 2015 онд Монгол брэндийн дизайнер Б.Баярмаагийн шоуг танилцуулахад Нью-Йоркийн загварын долоо хоногт оролцож байсан туршлагатай. Энэ удаад тэрээр бие даан, загварын агентлагтай гэрээ байгуулан ажиллаж байна. Өчигдөр Ж.Энэрэл Anniesa Hasibuan гэх индонези дизайнерын загварын шоунд оролцсон бол өнөөдөр буюу есдүгээр сарын 14-нд Ciaraboni ба Marcel Ostertag брэндүүдийн тайзнаа алхах болно. Тэрээр нэг загварын шоунд 2-3 удаа тайзан дээр гарах юм. Ж.Энэрэл мөн есдүгээр сарын 14-ний өдөр дахин нэг шалгаруулалтанд оролцох хуваарьтай байна.
Дашрамд дурдахад Нью-Йоркийн загварын долоо хоног есдүгээр сарын 15-нд өндөрлөж, загварын марафон ирэх бямба гарагаас Лондон хот руу шилжих болно.