Протезийн хэрэгсэл загварын салбарын нэг хэсэг болж байна
Протезийн хэрэгслийг зөвхөн хэрэглээ талаас нь ашиглахаас гадна сүүлийн үед загвар, хийц дээр нь анхааран урладаг болжээ. Яг л харааны шил анх хүний хэрэгцээ гэдэг тодотголтой байж байгаад улмаар төрхийг чимэх аксесуаруудын нэг болж хувирсан шиг протезийн хэрэгсэл ч мөн дизайнеруудын сонирхлыг татаж эхэлсэн байна. Тодруулбал, Канад улсын Alleles Design Studio болон Хятадын гоёл чимэглэлийн YVMIN брэндүүд энэхүү зах зээлд шинэлэг бүтээгдэхүүнээ нэвтрүүлж олны анхаарлыг татаад байгаа юм.
Alleles Design Studio
Alleles протез урлалын студийг 2013 онд Райан Палиброда болон Маккаули Уонер нар үүсгэн байгуулж байжээ. “Тухайн үед үйлдвэрлэгддэг байсан протез хэрэгсэл нь функц, зориулалт дээрээ анхаарч, үзэмж, харагдах байдлыг хөсөр хаясан байлаа. Мэдээж уг хэрэгсэл нь хүний бие махбодтой салшгүй холбоотой тул ашиглахад төвөггүй байх нь хамгаас чухал. Гэсэн ч хүмүүс өөрийн хүсэл сонирхолд нийцүүлэн төрхөө илүү өнгөлөг болгоосой гэж хүссэн” хэмээн Райан Палиборда компанийг үүсгэн байгуулах болсон сэдлээсээ Dezeen сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдсан юм. Харин үүсгэн байгуулагчдын нэг Маккаули Уонер ажлынхаа талаар “Би хийж байгаа зүйлдээ маш их хайртай. Учир нь протезийг зөвхөн хэрэгцээ бус хувцасны шүүгээний нэг хэсэг болгосноор хүмүүс 'Хөлд чинь юу тохиолдсон юм бэ?' гэх таагүй асуултыг асуух нь цөөрч, харин уг хэрэгслийн стиль, технологи, инновацлаг шинж чанаруудыг сонирхдог болсон” гэж онцолсон юм.
Тэд хавар-зун, намар-өвөл цуглуулгуудаа гаргадаг бөгөөд протезийг геометрийн дүрстэй, футуристик, спортлог зэрэг олон төрлөөр урладаг байна.
YVMIN болон Сиао Ян
Хятадын гоёл, чимэглэлийн YVMIN брэндийн хоёр дизайнер болох Сяоюй Жан, Мин Ли нар болон модель, инфлюенсер Сиао Ян нар хамтран протез хэрэгслийг урлагийн бүтээл болгох санааг гаргажээ. YVMIN нь бантик, зүрхэн хэлбэрүүд зонхилсон эмэгтэйлэг чимэглэлүүд урладаг компани ба шинэлэг зүйл бүтээн өөрсдийгөө сорьж үзэхээр энэхүү ажлыг эхлүүлсэн байна. Харин модель Сиао Ян нь сайхан хувцаслахад протез нь саад болдог гэсэн багын бодлоо мартан өөрийн хэв маяг, орчин үеийн, загварлаг төрхүүдээ олон нийтийн сүлжээндээ нийтэлдэг нэгэн билээ. Ийнхүү тэд нэгдэж нарийн хийцтэй, загварлаг протезийг урлаж байна. “Бид зөвхөн протезийн хэрэгслийн их биед суулгаж хэрэглэх боломжтой бүрхүүлийг урлаж байна. Ингэснээр хэрэглэгчид тухайн өдөр тохиох арга хэмжээ, сонирхолдоо тааруулан сольж өмсөх боломжтой юм” хэмээн дизайнер Жан Vogue сэтгүүлд дурдсан байлаа.
Уг төсөл нь хүмүүст танигдаж эхэлсэн даруйдаа маш олон сайшаал, магтаалыг хүртэж high fashion протез гэх шинэ орон зайг бий болгосон юм. “Энэхүү хэрэгслийг ашигладаг хүмүүс загварлаг харагдахын тулд шинээр протез худалдаж авалгүйгээр хэзээд сольж хэрэглэх боломжтой. Тиймдээ ч YVMIN брэнд нь хэрэглэгчдэд аль болох олон сонголтыг өгөх зорилгыг өвөртлөн ажиллаж байна” гэж дизайнер Жан онцолжээ.