Саския де Брау Calvin Klein Underwear-ын сурталчилгаанд
Шинэ төрлийн гоо зүйн мэдрэмж
Раф Симонсын Calvin Klein-д зориулсан анхны цуглуулга хоёрдугаар сарын 10-нд Нью-Йоркийн загварын долоо хоногийн хүрээнд дэлгэгдэх болно. Тэр болтол тус загварын ордон удирдаачгүйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Гэхдээ саяхан танилцуулсан шинэ сурталчилгаанаас дүгнэхэд Calvin Klein-ы гоо зүйн мэдрэмж бага, багаар өөрчлөгдөж, дизайны хамт олон шинэ бүтээлч захирлаа угтан авахад бэлдэж байх шиг байна. Брэнд урьд өмнө нь Жастин Бибер, Кендалл Женнер гэх зэрэг зөвхөн олны танил, олон нийтийн сүлжээний од залуусыг өөрийн нүүр царайгаар тодруулдаг байсан бол энэ удаагийн сурталчилгааны гол дүрийг Нидерландын топ модель Саския де Брау гүйцэтгэлээ. Зурагчин Патрик Демаршельегийн дуранд загвар өмсөгч бүсгүй дотуур хувцасны хавар-зун 2017 цуглуулгыг танилцуулсан бөгөөд бэлэн болсон зурагнуудын хэв маяг тэс ондоо, этгээд уур амьсгал агуулж байлаа. Үүнээс харахад Симонсын эрин үе өдөөн хатгасан шийдлүүдээр дүүрэн байх бололтой. Ингээд түүний анхны загварын шоуг тэсэн ядан хүлээцгээе.