Шинэ авьяас: Загвар болон гэрэл зургийг Д.Хулан
Авангард уламжлал
Монголын загварын ертөнцөд өрнөж буй үйл явдал бүхэнд соргогоор ханддаг Бюро 24/7-гийн анхаарлыг нэгэн шинэ, залуу авьяастан татлаа. Тэр бол одоо 16 настай, Өсвөрийн Зохион Бүтээгчдийн сургуулийн арваннэгдүгээр ангид суралцдаг Д.Хулан юм. Урлагийн гэр бүлд төрсөн тэрээр 2016 оны зун анхны загваруудаа гялгар уутаар хийж, "Тавтай морил" нэрээр танилцуулсан бол энэ удаад "Тав дах хатан" нэртэй таван хувцаснаас бүрдсэн капсул цуглуулга хийжээ. Лусын охид Амгаланбаатар хотод түр саатсан юм шиг ихэмсэг атлаа танхи дүр төрх гаргасан моделиуд хурган энгэртэй газар шүргэсэн урт даашинз, комбинзон, богино топ ба өмдний хослол зэрэг хувцас өмссөн байлаа. Загваруудыг Будда, Мандала, Эр, эм тамын эрлэг зэрэг өвөрмөц зүйлсээр чимэглэжээ.
Д.Хулан анх торгон хувцас хийхийг хүсч буйгаа ээждээ хэлсэн ч боломжгүй байсан тул гялгар уутан дээр хайлдаг цавуугаар өнгөлөг үндэсний хээ зурсан байна. Улмаар түүний урласан үүл, уулан хээтэй даашинз нь гэрэл зурагт яг л лусын охидын гоёмсог арьс нөмөрсөн мэтээр гарчээ. "Тав дах хатан" загваруудынхаа материалыг Д.Хулан тюль болгон өөрчилсөн ба харин гол чимэглэл зургийг нь мөн л цавуугаар урлажээ. Энэ бүх загварууд түүний Монгол өв соёлыг өөрийн загвараар харуулах хүслийн илэрхийлэл юм. Цаашдаа Д.Хулан загварын ертөнцийн өлгий нутаг Италид дизайнер мэргэжлээр суралцаж, Монголын соёлыг дэлхийд таниулсан загвар зохион бүтээгч болохыг мөрөөддөг гэдгээ бидэнд ярьсан юм.
Түүнийг урамшуулдаг зүйлийн тухай ярихдаа Д.Хулан, "Урлагийн гэр бүлд төрсөн болохоор би амьдралын бүх зүйлээс гоо зүйн таашаал авахыг хичээдэг. Дуртай дуугаа сонсож байхдаа би дотроо хийх зүйлээ төсөөлдөг. Жишээ нь Жой Хисашийг сонсож байхдаа төсөөлсөн зүйл маань энэ шинэ загварууд болсон" гэсэн юм. Түүний бодлоор авангард загвартай хувцас гоо сайхан зүйлтэй зохицож байж л жинхэнэ гоё сайхан нь харагддаг. Хэрвээ ямар нэг гоо сайхан байхгүй бол эсрэгээрээ тэр хувцас хүнд яг л хог тохсон мэт үнэ цэнэгүй болох аж.
Д.Хулангийн өвөө нь Ардын зураач Ч.Гунгаасүх, нагац ах нь ДБЭТ-ын зураач Г.Ганбаатар, ээж нь зураач Г.Оюун бөгөөд аав нь Zaya'sh студийн үүсгэн байгуулагч, "Үхэж үл болно Чингис хаан", "Рашаантын 18", "Помагите нам" 1, 2 зэрэг кинонуудад зураглаач, найруулагчаар ажиллаж байсан Ш.Даваадорж гэх хүндтэй хүн байжээ. Гэр бүлийнх нь авьяас Д.Хуланд өвлөгдсөн нь түүний өөрөө авсан хоёр удаагийн зураг авалтаас тод харагдана. Д.Хулан зураг авалтандаа найм болон 12 настай хоёр дүүтэйгээ хамтарч, аавынхаа өвлүүлсэн камераар зургаа авчээ. Тэд Хүрээний хүмүүс анх "патиар" татуулахдаа эвээ олохгүй, "хөлдүү" царайтай, нэг тийм жихүү харцтай төрх гаргасан байдгийг видеондоо буулгахыг хүсчээ. Цаашдаа Д.Хулан ямар ч төрлийн загвар хийж магадгүй бөгөөд гагцхүү өөрөө маш их хийхийг хүссэн зүйлээ дэлгэнэ гэдгийг хэлсэн юм. Харин тэр үед мөн л хоёр дүү нь хамт ажиллах юм байна.