Valentino хавар-зун 2016 сурталчилгааны зураг авалтаа Кэнид хийлээ
Угалз үүсэх цагт
Сурталчилгааны зураг авалтыг National Geographic сэтгүүлийн нүүрийг чимж байсан "Afghan girl" бүтээлээрээ алдаршсан Америк зурагчин Стив МакКари хариуцжээ. "Бид сурталчилгаандаа Африк соёлын талаарх бидний сэтгэл хөдлөл, өөр өөр соёлын харилцан холбооноос үүссэн гоо үзэсгэлэн, хүлцэнгүй чанар зэргийг шингээн харуулахыг хүссэн. Тиймээс Африк тивд Стив МакКаритай хамтарч зураг авалт хийхээр шийдсэн. Тэр бол загварын зурагчин биш, харин соёлын сурвалжлагч юм" хэмээн брэндийн бүтээлч захирал Пиччоли WWD-д ярьсан байна.
Зураг авалтад оролцсон загвар өмсөгчдийн бүрэлдэхүүнд Элис Метза, Камерон Трэйбер, Грета Варлиз, Кирин Дежонкири ба Тами Уилльямс гэх загвар өмсөгчид багтсан байна. Мөн Африкийн Масай иргэд шинэ сурталчилгаанд томоохон үүрэг гүйцэтгэжээ.
Стив МакКари WWD-д ярьснаар сурталчилгааны баг зураг авалтаа өглөө эрт, дөрвөн цагийн үед эхлүүлж, байгалийн хамгийн шилдэг гэрэл олж авсан гэнэ. Зураг авалтын үеэр гэнэт элсэн шуурга дэгдсэн ба МакКари ч тэр завшааныг алдалгүй, гайхамшигтай зураг дарж чадсан байна. "Тэрхүү хүчит угалзын эргэн тойронд дэгдэх элс, салхи гээд бүгд үнэхээр гайхалтай байсан" хэмээн Стив МакКари сэтгэгдлээ хуваалцжээ.