Хайх

Vetements брэнд дахин зөвлөлтийн үеийн стилийг онцлохгүй

Vetements брэнд дахин зөвлөлтийн үеийн стилийг онцлохгүй

Демна Гвасалия брэндийн чиглэлийг өөрчилж байна

Text: Buro.Mongolia


WWD сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дизайнер Демна Гвасалия Vetements брэндэд хэд, хэдэн өөрчлөлт оруулсан тухайгаа дурдлаа. Брэндийн төв байр саяхан Швейцарын Цюрих хот руу нүүсэн бөгөөд үүнийгээ дагаад брэндийн концепц ч бас өөр чиглэлээр хөгжихөөр болжээ. Дизайнер underground хэв маягаас залхаж, одооноос эхлэн "аналитик дизайн" дээр төвлөрөхийг хүсч байна.

"Vetements-ийн хүрээнд гурван жилийн турш хийсэн зүйлс маань cool байсан ч, бүх юманд хэмжээ хязгаар гэж бий. Бидний гал цог хэзээ ч унтрахгүй. Гэхдээ бид одооноос эхлэн өөр чиглэлээр хөгжих болно. Зөвлөлтийн үеийн стилийг бид дахин онцлохгүй. Underground ч бас бидний хувьд туршаад үзсэн зүйл юм. Би цаашид шөнийн цэнгээний газрын гоо зүйн мэдрэмжийг загварууддаа оруулахыг хүсэхгүй байна. Надад одоо аналитик дизайн илүү сонирхолтой байна. Энгийн хүмүүс хэрхэн хувцасладаг, тэд юуг ямар шалтгаанаар өмсдөг гэх мэт" хэмээн дизайнер хуваалцжээ.

Демна Гвасалия мөн юуны учир брэндээ Цюрих хот руу нүүлгэх болсон тухайгаа ярилаа. "Энд хүмүүс гоо зүйн элементийг үл тоомсорлон, биед эвтэйхэн практикт тустай хувцас өмсдөг. Би орчин үеийн уламжлалт загвараас хөндийрөхийг хүссэн. Би одоогийн байдлаар тариаланчид ба түлээчдийн өмсгөлийг судалж, эдгээр хүмүүс ажлаа хийж байх үедээ хэрхэн хөдөлдөг, ямар хэмд ажилладаг талаар тунгааж байна. Энэ бүх деталийг би загварууддаа шингээхийг хүсч байна. Хувцсаар гоёх биш, харин хувцасны ачаар өдөр тутмын амьдралаа хөнгөвчлөх учиртай юм" гэж Демна тайлбарлалаа.

Сануулж хэлэхэд брэндийн бүтээлч захирал Демна Гвасалия болон ерөнхий захирал Гурам Гвасалия нар Цюрих хот руу нүүснээр бүх зүйлийг шинээр эхлүүлэхийг хүссэн бөгөөд өмнө нь байршиж байсан Парис хотыг "уран бүтээл туурвих онгодыг үгүй хийж байна" хэмээн хэлж байсан билээ.

цааш үзэх