Виртуал загвар өмсөгчидтэй танилцацгаая: Бодит моделиудыг орлох шинэ үеийнхэн
"Бодит хүмүүс л хувцас загварыг амилуулна" гэх үзлийг тэд өөрчилж байна
Техник технологи хөгжихийн хирээр загварын ертөнцөд ч мөн адил олон шинэчлэлтүүд хийгдэж байна. Үүний нэг нь виртуал буюу компьютер графикийн аргаар бүтсэн загвар өмсөгчид. Тэд сэтгүүлийн нүүр хуудсан дээр заларч, загварын шоунд уригдаж, зарим нь бүр дуу хүртэл гаргаад амжжээ. Өөр өөрсдийн онцлогийг илтгэсэн гадаад төрх, хувцаслалт ба амьдралын хэв маягаараа бусдыг байлдан дагуулж буй загварын ертөнцийн цоо шинэ үзэгдэл болсон виртуал моделиудтай танилцацгаая.
@noonoouri
Нас: 18
"Төрсөн" өдөр: 2018 оны хоёрдугаар сар
Гарал үүсэл: Герман
Та магадгүй саяхан Dior брэндийн Instagram хуудаснаас Noonoouri-г олж харсан байх. Германы Mюнхен хотод байрлалтай Opium олон улсын дизайны агентлагийн дизайнер Йорг Цубрийн бүтээсэн виртуал загвар өмсөгч Noonoouri нь 18 настай, 1.5 метрийн өндөртэй ба өөрийгөө "загварлаг, эгдүүтэй, сониуч" хэмээн тодотгодог. Instagram хуудсан дахь 67 мянган дагагчтайгаа өөрийн стиль имидж, амьдралын хэв маяг тэр дундаа урлаг, соёл, аяллын тухай үзэл бодлоо хуваалцах дуртай.
Хэрэв та Noonoouri-ийн Instagram хуудсаар зочилбол түүнийг Белла Хадидын хамтаар загварын тайзан дээр алхаж, Christian Dior-ийн шоунд уригдаж, Jacquemus, Versace зэрэг брэндүүдийн зураг авалтанд оролцсоныг харах боломжтой.
@lilmiquela
Нас: 19
"Төрсөн" өдөр: 2016 оны дөрөвдүгээр сар
Гарал үүсэл: Америк, Бразил
Гэнэн төрх, сэвхтэй нүүр, богино чёлкоороо алдартай Микела Соуса олны дунд Lil Miquela нэрээрээ алдартай. 18 настай Lil Miquela Лос Анжелес хотод амьдардаг. Paper, Novembre, Foam сэтгүүлүүдийн зураг авалтанд оролцож, Highsnobiety сэтгүүлийн нүүр хуудсан дээр заларсан Lil Miquela өөрийн Instagram хуудсандаа ихэвчлэн өдөр тутмын хувцаслалт болон феминизм, хүйсийн эрх тэгш байдлын тухай үзэл бодлоо илэрхийлдэг.
Түүнчлэн тэрээр электро поп, трэп хэмнэлтэй дөрвөн синглээ цацсан бөгөөд ‘Not Mine' нэртэй дуу нь 2017 оны наймдугаар сард Spotify аппын шилдэг дууны 8-р байранд бичигдэж байжээ. Одоогоор Lil Miquela-ийн бүтээгч хэн болох тухай мэдээлэл тодорхойгүй байгаа бөгөөд түүний Instagram дахь дагагч аль хэдийнээ нэг саяыг давжээ. Мөн өнгөрсөн оны арваннэгдүгээр сард түүний виртуал эрэгтэй найз Лауко Instagram-д @Blawko22 нэрээр нэгдсэн байгаа.
@shudu.gram
"Төрсөн" өдөр: 2017 оны дөрөвдүгээр сар
Гарал үүсэл: Африк
Дэлхийн анхны виртуал супер модель гэгдэж буй Шуду Гремийг Их Британийн гэрэл зурагчин Камерон Жеймс Уилсон бүтээжээ. Шуду Гремийг анх олон хүмүүс жинхэнэ хүн хэмээн итгэж байсан юм. Учир нь бусад виртуал загвар өмсөгчидтэй харьцуулбал түүний дүрх төрх илүү бодит харагддаг. Шуду Instagram хуудсандаа 100 мянга гаруй дагагчтай бөгөөд Рианнагийн Fenty Cosmetics брэндийн гаргасан уруулын будгийн сурталчилгаанд тоглоод амжжээ.
Мөн тэрээр шинээр гарч ирж буй Soul Sky брэндийн футболканы сурталчилгаанд тоглосон бөгөөд цаашид үүнтэй ижил шинээр гарч ирж буй брэндүүдийн нүүр царай болж тэднийг дэмжих зорилготой ажээ.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт