Хайх

Залуус загварт: Герман улсад загварын сэтгүүл зүйгээр суралцдаг Д.Чанцалдулам

Залуус загварт: Герман улсад загварын сэтгүүл зүйгээр суралцдаг Д.Чанцалдулам

Text: Б.Энххүслэн


Эрүүгийн эрх зүйгээр докторантурт сурч байхдаа загварын сэтгүүл зүйн салбар луу хөрвөн орж хоббигоо карьер болгох зоригтой шийдвэр гаргасан Д.Чанцалдулам буюу Chansy-гийн мэргэжлийн нэгээхэн хэсгээс “Залуус загварт” булангаараа хуваалцаж байна. Тэрээр загварын сэтгүүл зүй гэх монголчууд бидэнд тэгтлээ өргөн хүрээнд танигдаагүй сонирхолтой мэргэжлээр Герман улсад яг одоо суралцаж байгаа юм.

Сэтгүүлч миний бие ч гэсэн хүсэл мөрөөдлөө даган эзэмшсэн мэргэжлээсээ тэс өөр бүтээлч салбарт хөл тавих шийдвэрийг гаргаж байлаа. Тийм болоод ч тэр үү энэхүү ярилцлага нь надад шийдвэрийг маань шүүмжилсэн, чадварт минь эргэлзсэн эргэн тойрны хүмүүсийг мартагдуулж, зоригжуулах захиас, толгойг минь илэх мэт тайвшрал болж чадсан юм. Дан ганц надаар ч зогсохгүй загварын ертөнцийн нэг хэсэг болох чин хүсэлтэй, номын дууг нь сонсох том зорилготой, аль эсвэл зүгээр л тус салбарт хайртай хүн бүрд Chansy-гийн баялаг туршлага дэм хүргэнэ гэдэгт итгэлтэй байна.


Залуус загварт: Герман улсад загварын сэтгүүл зүйгээр суралцдаг Д.Чанцалдулам (фото 1)

Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

Намайг Чанцалдулам гэдэг. Германы Мюнхен хотноо Загвар дизайны академид Загварын сэтгүүл зүйн ангид сурдаг.


Загварын сэтгүүл зүйд хөл тавихаас өмнө юу хийдэг байсан бэ? Ямар мэргэжил эзэмшиж байсан бэ?

МУИС-ийн олон улсын харилцааг Герман хэл орон судлал, гадаад албаны ажилтан мэргэжлээр төгссөн. Германд Вюрцбургийн Юлиус-Максимилианы их сургуульд Европын эрх зүйн магистр хамгаалаад, их сургуульдаа эрдэм шинжилгээний туслах, судлаачаар ажилласан. Баварийн мужийн дээд шүүхэд тангараг өргөж, итгэмжлэгдсэн герман-монгол хэлний бичгийн орчуулагч. Эрүүгийн эрх зүйгээр докторантурт сурч байгаад загварын сэтгүүл рүү огцом эргэсэн дээ.

Залуус загварт: Герман улсад загварын сэтгүүл зүйгээр суралцдаг Д.Чанцалдулам (фото 2)

Яагаад загвар луу орохоор шийдсэн бэ? Яаж энэ мэргэжлийн талаар анх олж нээсэн бэ?

Багаасаа л загварт дуртай, гоё сайхан зүйлд нүд унагадаг байсан. Бидний үеийнхэн гэвч загварлаг байх гэхээр загнуулна. Нэг ээмэг зүүсэн ч, “элдэв шигтгээ зүүж гангалах яах вэ, наад толгой дахь эрдмээрээ гялалз” гээд л. Яагаад ч юм хичээлдээ сайн байж л, сая гоёх эрхээ олж авдаг юм байна гэсэн ойлголт гүн суусан. Загвартай холбоотой мэргэжил сонирхох бүү хэл, хориотой зүйл мэт. Нийтлэг бус сэдэв гэх юм уу даа.

Залуус загварт: Герман улсад загварын сэтгүүл зүйгээр суралцдаг Д.Чанцалдулам (фото 3)
@chansys_desk

Мисс Диор загварын үзэсгэлэн Парист үзээд, Кристиан Диорын тухай лавшруулж уншаад, номын сангийн эсвэл номын дэлгүүрийн “Загвар” булангаас салахаа больсон. Энэ зүгээр нэг цэцэг хадчихсан даашинз бус, цаанаа асар том санаа, өгүүлэмжтэй, утга учир дүүрэн бүтээл гэдгийг мэдээд тухайн үеийн сэтгэл хөдлөлөө тэмдэглэл болгон буулгаснаа Гоодаль сэтгүүлд нийтэлсэн юм. Эрдэм шинжилгээний хурал зохиож, хуулийн сэдэвтэй ном орчуулга гаргаж, герман монгол хоёр их сургуулийн хооронд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах хүртэлх мэргэжлийн ажлаа гүйцэтгэж явахдаа мэдэрч байгаагүй тийм их баяр, сэтгэл ханамж, аз жаргалыг загварын үзэсгэлэн үзээд, түүнээ сэтгүүлд нийтлэхдээ, эсвэл өөрийн бяцхан блогтоо буулгахдаа мэдэрсэн. Хуулийн номоос илүүтэй загвар зохион бүтээгчдийн намтарт автан суудгаа анзаарсан. Ингээд л энэ баяр баясал авчирдаг хоббигоо мэргэжлийн түвшинд хөгжүүлье гэж шийдсэн дээ. Унших дуртай герман сэтгүүлүүдийн маань эрхлэгч эсвэл нийтлэлийг нь унших дуртай редактор, загварын шүүмжлэгч нарын замналыг судлахаар загварын сэтгүүл зүй сурсан гэж олонтоо таардаг. Ийм гоё анги байдаг юм уу гээд л дэвтэртээ тэмдэглэж авч байсан. Оройтсон гэж шалтаг тоочилгүй, зориглоод эхэлсэндээ үнэхээр их баярладаг. Магадгүй амьдралдаа өөрийнхөө төлөө хийсэн хамгийн ухаалаг шийдвэрүүдийн нэг болов уу.

Залуус загварт: Герман улсад загварын сэтгүүл зүйгээр суралцдаг Д.Чанцалдулам (фото 4)

Улмаар сургуулийнхаа цахим хуудастай танилцаад, төгсөгчдийн жагсаалт дээрх хүмүүсийг судалсан. Тэд одоо хаана юу хийж байна, заримтай нь холбогдон төгссөн сургуулийнх нь тухай ганц зүйл тодруулъя гээд л. Хүмүүс өөрийнхөө тухай ярих дуртай байдаг шүү дээ. Хэд хэдэн хүн зөвшөөрч, утсаар тэднээс зөвлөгөө авсан. Дараа нь уг сургуулиас зохион байгуулдаг “Кампустай танилцах өдөрлөг”-т очиж, тэнд сурч байгаа оюутнуудаас мэдээлэл авсан. Ингээд сургалтын алба, тэнхимийн эрхлэгч рүү мэйл илгээсэн. Миний хамгийн эхний асуулт: “Танайд сурахад насны хязгаар бий юу?”. Тэрнээс их сургуульд элсэх шаардлага хангах тал дээр огт санаа зовоогүй. Энд төгссөн диплом бүх зүйлээ илгээгээд эхний шатаа давсан. Дараа нь хэд хэдэн даалгавар авсан.

Сурвалжилга, тойм бичих, загварын нэг сурталчилгаа сонгон түүнийгээ үндэслэн тайлбарлах, эдиториал зурган түүх өгүүлэх гэх мэт. Энэ бүхнийг бэлтгэж байхдаа би дотроо “Миний байнга хийдэг зүйлс байна даа” гээд их тайван байсан. Ингээд эцсийн шатанд аман шалгалт. Гурвуулаа орсон. 15 минут бие биеэсээ юм асуугаад, 30 минутад сая танилцсан хүнийхээ тухай хөрөг бичих даалгавар. Үнэхээр суудал дээрээ юм бичих чадвартай эсэхийг ингэж шалгадаг гэнэ. Дараа нь нийгэм, улс төр, загварын салбарын танил хүмүүсийн зурагтай асуулт хариулт. Жишээ нь Жил Сандер, Карл Лагерфельд хоёроос өөр герман загвар зохион бүтээгч нэрлэнэ үү гэх мэт. Хагас өдөр үргэлжилсэн аман шалгалтын дараа тэр орой нь хариугаа авсан. Германд сэтгүүлчийн мэргэжил хэлний өндөр мэдлэгээс гадна бичгийн чадвар шаарддаг. Намайг гадаад болохоор хэл нь асуудал болох магадлалтай гэж болгоомжилж байсан гэдгээ тэд ний нуугүй хэлсэн. Аман шалгалтын үеэр хэлний асуудалгүй гэдгээ харуулж л дээ.


Энэ мэргэжлээр суралцахыг хүсэж байгаа хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ?

Энэ мэргэжлээр суралцах хүсэлтэй бол бичгийн чадвараа үргэлж хурцлах, нийгэм, загварын ертөнцөд ямар үйл явдлууд өрнөж байна гэдгийг судлах, төрөлхийн сониуч зангаа тэтгэх, танин мэдэх хүсэлтэй, аливаад нягт нямбай хандахад суралцаарай. Учир нь сэтгүүлчдийн нэн тэргүүнд хийдэг зүйл судалгаа байдаг.


Нэгдүгээр курсийн шинэхэн оюутны анхны сэтгэгдлүүд ямар байсан бэ?

Дуртай зүйлээрээ сурахын сайхныг өдөр бүр хичээл дээрээ мэдэрсэн. Загас усандаа байгаа мэт, би яг байх ёстой газраа сууж буйгаа мэдрэх сэтгэл ханамж юутай ч зүйрлэшгүй. Нэг багш маань ярилцлага хэрхэн авах тухай хичээл дээр “Би Жон Гальяногоос ярилцлага авахдаа тэгсэн” гээд хээв нэг ярихад, эсвэл дуртай сэтгүүлд минь ажилладаг байсан туршлагаа хуваалцахад үлгэр сонсож буй хүүхэд шиг л алмайрдаг байв. Багш нар маань үнэхээр салбартаа тэргүүлдэг, туршлагатай мэргэжилтнүүд. Германчууд угийн их даруухан хүмүүс. Онигоо байдаг даа, герман хүнээс та англиар ярьдаг уу гэхээр багахан ойлгоно гэж хариулдаг. Үнэндээ англиар ном гаргачихсан хүн байдаг гээд. Яг түүн шиг, их даруу хэр нь хичээл дээр жишээ болгож ярьдаг зүйлс нь гайхшируулдаг.

Залуус загварт: Герман улсад загварын сэтгүүл зүйгээр суралцдаг Д.Чанцалдулам (фото 5)
Эдвард Эннинфул болон Анна Винтур

Нэгдүгээр курст сэтгүүл зүйн онол, төрөл гэх мэт бичвэртэй холбоотой хичээлүүдээс гадна эдиториал дизайн, типограф, зураг авалт, улмаар эсгүүр, материал судлал гэх мэт загварын хичээлүүд, загварын түүх, соёл зэрэг онолын хичээл цогцоор орсон. Шахуу хөтөлбөртэй, байнга самбарын урд илтгэл, мэтгэлцээн өрнүүлдэг, их хүнд санагдсан. Би хуулийн сургуулийг чанга гэж боддог байсан. Загвар мөн ялгаагүй. Үнэндээ загварын онол, загварын сэтгэл зүйн бүтээлүүд эрдэм шинжилгээний чансаа сорьсон, амаргүй санагдсан. Салбарынхан хоорондоо их холбоо сүлжээ сайтай нь, жишээ нь Анна Винтур, Эдвард Эннинфул хоёр Мюнхенд ирж хэвлэлийн цөөн тооны төлөөлөгч нартай уулзалт хийхэд манай сургуулийн оюутнуудаас сонгож оролцуулснаас харагдсан. Зохион байгуулагч, Германы Vogue сэтгүүлийн эрхлэгч нь манай сургуулийн төгсөгч болохоор тэр.


Мэргэжлийнхээ талаар тайлбарлаач? Энэ мэргэжлийн үнэт зүйл, үүрэг хариуцлага нь юунд оршдог бол?

Ердөө зайлшгүй хэрэгцээнээс үүссэн мэргэжил юм билээ. Сэтгүүлчид сайн бичдэг ч загварын салбарын мэдлэг дулимаг тул шоуны тухай шүүмж бичлээ гэхэд ядаж ямар загвар, эсгүүр, материал байсныг мэргэжлийн өнцгөөс сайн тайлбарлаж чадахгүй. Загварынхан эсрэгээрээ энэ бүхнийг сайн мэдэж байвч бичиж чадахгүй. Ингээд загварын мэргэжлээр дагнасан сэтгүүлч бэлтгэх сургалт хөгжүүлсэн нь өдгөө их сургууль, факультетын түвшинд хүрсэн.

Залуус загварт: Герман улсад загварын сэтгүүл зүйгээр суралцдаг Д.Чанцалдулам (фото 6)
@chansys_desk

Сэтгүүлч нэн түрүүн аль нэг талд хэвийхгүй төвийг сахисан, аливаад объектив хандах үүрэгтэй. Тэгэхээр ямар нэг бүтээгдэхүүн аваад сайнаар сурталчилж өгдөг инфлюэнсерээс ялгаатай. Сэтгүүл зүй бол PR бус. Хэдийгээр брэндүүд мөнгө өгч сурталчилгаа байрлуулдаг, цэвэр бизнес тогтолцооны талбар болдог ч сэтгүүл өөрөө энэ сурталчилгааны нүүр царай болдоггүй. Анна Винтур Vogue сэтгүүл дээр аль нэг брэндийн нүүр царай болж, сурталчилгааны зурагт орж, сэтгүүл дээрээ залардаггүй. Сэтгүүлчийн объектив байх ёс зүй, хариуцлага нь тэр. Загварын сэтгүүлчид аль нэг брэндийг илүүд үзэж, дэмжих гэхээсээ илүүтэй энэ салбарын сайныг магтсан шигээ мууг нь бас илчлэх үүрэгтэй. Би жишээ нь блогтоо дуртай загвар зохион бүтээгчээ үргэлж магтан дуулдаг байсан бол одоо сэтгүүл зүйн үүднээс бичихдээ шүүмжтэй хандаж, харах өнцгөө тэлэх шаардлагатай болж байна гэсэн үг.


Энэ мэргэжлийг эзэмшсэн бол хаана ажиллах боломжтой вэ?

Загварын бүх хэвлэл мэдээллийн салбарт сэтгүүлч, редактор, шүүмжлэгч, стилист эсвэл PR агентлагт, брэндийн хэвлэлийн төлөөлөл зэрэгт ажиллах боломжтой.


Таны амьдарч буй газар ажлын байрны олдоц хэр түвшинд байдаг вэ?

Мюнхен бол Conde Nast, Burda, Funke зэрэг хэвлэлийн газруудын өлгий болсон хот. Өөрөөр хэлбэл загварын томоохон сэтгүүлүүд энд суурин. Загварын компаниуд, төлөөлөл, нэрт PR агентлагууд бас байрладаг. Тэр утгаараа ажлын байр хангалттай. Манай сургуулийнхныг андаад сууж байдаг юм билээ.

Залуус загварт: Герман улсад загварын сэтгүүл зүйгээр суралцдаг Д.Чанцалдулам (фото 7)
Conde Nast оффис дотор, Мюнхен хот. Герман улс
Залуус загварт: Герман улсад загварын сэтгүүл зүйгээр суралцдаг Д.Чанцалдулам (фото 8)
Burda оффис барилга, Мюнхен хот. Герман улс
Залуус загварт: Герман улсад загварын сэтгүүл зүйгээр суралцдаг Д.Чанцалдулам (фото 9)
FUNKE оффис барилга, Мюнхен хот. Герман улс

Загварын сэтгүүлч монголын зах зээлд хэр эрэлттэй мэргэжил шиг санагддаг вэ?

“Нүүрномоор” түргэн хоол залгих мэт мэдээллээ нягтлахгүй хүлээн авдаг, цааш түгээдэг энэ үед бидэнд нягт нямбай судалгаатай, үнэн зөв мэдээлэл хамгийн их хэрэгцээтэй. Загварын салбарт ялангуяа, бид зөвхөн гаднын мэдээллийг орчуулах бус өөрсдөө чадмаг дүн шинжилгээ хийх, түүнээ боловсруулах, зөвхөн дотогш урсгалыг хоёр чигт болгож, Монголын баялаг түүх соёл, загварыг таниулах зэргийг эрчимжүүлэхэд мэргэжлийн хүний хувь нэмэр үнэхээр чухал. Монголын зах зээлд зорилтот бүлэг, үнэ харгалзсан тоотой хэдэн сэтгүүл бий. Германд жишээ нь 8 еврогоор Vogue, Harper’s Bazaar авч чадахгүй бол 3 еврогоор өөр сэтгүүл авах боломжтой, сонголт нь бий. Сэтгүүл борлуулдаг тасаг дүүрэн, төрөл төрлөөрөө өрөөстэй. Монголд охид маань аваад уншчих, загварын мэдлэг мэдээлэл түгээх, нийтэд хүртээмжтэй, боломжийн үнэтэй тийм сэтгүүл дутагдаж байгаа. Түүнчлэн олон төрлийн сэтгүүл байх тусам энэ салбар хөгжинө. Орон зай нь байгаа санагддаг.


Залуус загварт: Герман улсад загварын сэтгүүл зүйгээр суралцдаг Д.Чанцалдулам (фото 10)
@chansys_desk

Мэдрэмж, гярхай байдал гэхчлэн ямар чанар тус мэргэжлийг эзэмшихэд хамгийн их түлхэц болох юм шиг санагддаг вэ? Яагаад?

Сониуч зан. Яагаад гэж заавал асуудаг, аливаад ултай ханддаг байх их чухал санагдсан. Эх сурвалжаа үргэлж нягталдаг нямбай, бичсэн үг бүрийнхээ арыг даах хариуцлагатай байх хэрэгтэй. Мөн хурд их чухал. Сэтгүүл үргэлж цаг үеийн төлөв хэмжигч болдог. Цаг үетэйгээ хөл нийлүүлэхээс гадна урагш тэмүүлэх, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох нь сэтгүүлийн амин чанарын нэг. Өнгөрснийг л баримтжуулаад байж болохгүй. Сошиал медиа энэ ажлыг их хурдан гүйцэтгэж байгаа шүү дээ.


Мэргэжлийнхээ хамгийн хайр татам талуудыг нэрлээч?

Загварын сэтгүүл зүй нь эмч шиг хүний амь авардаг чухал мэргэжил биш учраас өнгөцхөн санагдаж болно. Гэхдээ олон хүнд мөрөөдөл төрүүлж, сайн сайханд хөтөлдөг, бүтээлч жигүүр ургуулдаг сэтгэлийн эм болдог. Хэзээ ч уйдамгүй, олон талт бүтээлч мэргэжил. Бичнэ, зураг авалт зохионо, найруулна, ярилцлага авна, судална. Олон салбарт хөл тавьж олон хүнтэй учирна. Мөр үлдээнэ. Цаг үеийн гэрч болно.

Залуус загварт: Герман улсад загварын сэтгүүл зүйгээр суралцдаг Д.Чанцалдулам (фото 11)
@chansys_desk

Суралцаж, эсвэл ажиллаж байх хугацаанд нь бууж өгмөөр хүндрэлтэй зүйл тохиолдож байсан уу? 

Багаар ажиллах нь бүтээлч хүмүүст их хэцүү. Бүгд өөрийн хараа, төсөөлөлтэй. Нэгдэж нэг сэтгүүл гаргахдаа гэвч хүн бүр хувийн үзэл бодлоо хойш тавьж, тэр цогц бүтээлдээ анхаарал хандуулна. Ингэхдээ өөрийн өнгө аясаа бас алдаж болохгүй гэх. Энэ хоёрыг хослуулах их ярвигтай санагдсан. Хоёрдугаар курстээ бид Германы Cosmopolitan сэтгүүлийн тусгай дугаар гаргах даалгавар авсан. Сэтгүүлийн эрхлэгчтэй хуралдаад, сүүлийн жилийн дугааруудтай танилцаж эхлээд задлан шинжилгээ хийсэн. Уншигчдаа чи гэдэг үү та гэдэг үү, ямархуу өнгө аясаар бичдэг, рессорт бүрийн давтамж хэр байдаг гэх мэт бүгдийг тодорхойлоод хүн бүр нэг албанд томилогдоод ажилласан. Хэвлэлтэд өгөхөөс өмнө гэхдээ зарим нэг нь өвдөх, зарим нь хэлсэндээ хүрэхгүй нийтлэлээ бичиж амжихгүй байх, зураг авалт санаснаар болохгүй байх гэх мэт асуудал гарах бүрд багийн хүн бүрийн санал яг л арван таван толгойтой мангасын үлгэр шиг тал тал тийш сарниад, хурдан бөгөөд үр дүнтэй шийдвэрт хүргэхгүй их хэцүү санагдсан. Гэхдээ олон хүнтэй харилцаж, шийдэлд хүрч сурах, өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж, хамгаалж сурахын чухлыг заасан улирал болсон. Би тийм хий дэмий, шийдэлгүй маргаанд дургүй болохоор багаар ажиллана гэх болгонд хайран цаг үрэх гэж байгаа мэт санагддаг байсан.


Загварын ертөнцийг гаднаас нь харж байсан үедээ тус салбарын талаар ямар бодолтой явсан бэ? Одоо бодол нь өөрчлөгдсөн үү?

Би загварын салбарт анхнаасаа л хүндэтгэлтэй ханддаг байсан. Харин энд тэнд “брэндээр гоёсон, брэндээс цаашгүй” гэх мэт дорд үзсэн хэллэг, бичсэнтэй таарахаар өмнөөс нь их харамсдаг. Ялангуяа, жижигхэн гар урлантай хүн брэндийн эсрэг дуугарахаар “Чи наад жижиг урлалаа улам нямбай хийдэг болж, улмаар бусдыг дуурайх, байдаг л юм хийх гэхээсээ илүү шинэ техник технологи бий болгон, төгөлдөржүүлээд үнэ цэнтэй брэнд болно гэж тэмүүлээч ээ! Яагаад өөрийнхөө ирээдүйг хараагаад суудаг юм бэ?” гэж харамсдаг. Өнчин хөвгүүн Луи Вьюттон анх модоор аяга тагш, жижиг хайрцаг хийж байгаад, модны онцлог, угсрах техникийг гартаа оруулж, улмаар аяны тээшний хувьсал хийсэн. Доторх зүйлийг нь норгохгүйн тулд ус тогтоохгүй, гүдгэр тагтай байсан тухайн үеийн түгээмэл чемоданыг он удаан жил суулгасан туршлагаараа өөрчилж, өөрийн зуурсан цавуугаар гадаргыг нь бэхжүүлснээр ус нэвтрэхгүй болгосон. Ингэснээр ачаа гүдгэр бус хавтгай тагтай болж, дээр дээрээс нь давхарлан өрөх боломжтой болсон нь зай хэмнэж, аяллын салбарыг өөрчилсөн гэх мэт аливаа брэндийн ард хөлс хөдөлмөр, мэдлэг туршлага, тэсвэр, залгамж, түүх оршин байдаг. Би аль нэг брэндийн тухай уншиж судлахаараа бүр тэр брэндээс заавал нэг зүйл авмаар, гамнаж хэрэглээд дараа нь үр хүүхдэдээ түүхийг нь ярьж, өвлүүлмээр санагддаг. Хүмүүс брэндийг муулах бус тэднээс суралцаасай, тийш тэмүүлээсэй гэж боддог доо. Хүн мэдэхгүй зүйлийнхээ дайсан гэдэг дээ. Тэгэхээр мэдэхгүй ойлгохгүй юмаа яаран дүгнээд, үзэн ядахаа больчихвол.

Загвар бидний амьдралын олон салбарыг дамнан шууд болон шууд бусаар нөлөөлж байдаг. Хүний бусдаас ялгаран онцгойрох хүсэл, бусадтайгаа ижилсэн аль нэг хүрээлэлд харьяалагдахыг хүсэх аль аль нь жам ёсных. Энэ хоёрын огтлолцолд загвар оршдог гэж антропологийн дуализм онол үндэслэгч, философич, социологич Георг Симмел тодорхойлсон. Гоёх, гадаад байдлаа өөрчлөх ч мөн адил жам ёсны хүсэл. Хувцас загвар зөвхөн хэрэглээ бус гэдгийг нийгмийн шинжлэх ухаан олон онолоор баталдаг. Хувцаслалт, сэтгэл судлал нь улс төрийн шинжлэх ухаантай нягт холбоотой. Өнөөдөр та зурагтаар Америкийн дэд ерөнхийлөгч цагаан өнгийн өмд хүрмийн хослол өмссөнийг харлаа гэж бодъё. Энэ өнгө түүний арьсанд илүү зохицсон болохоор л тэр үү? Улс төрч хүн цагаан өнгө сонгосноор эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахаа давхар илэрхийлж байдаг аж. Тэртээ 1913 онд эмэгтэйчүүдийн сонгох эрхийн төлөө Вашингтон хотноо жагссан эмэгтэйчүүд бүгд цагаан өнгөөр хосолсон. Хиллари Клинтон эсвэл Камала Харрис чухал үйл ажиллагаанд цагаан өнгө сонгодог нь тохиолдлынх бус эмэгтэйчүүдийн эрхийг үргэлж хамгаална гэдгээ хувцсаараа давхар илтгээд байгаа юм. Загвар бол эрх мэдэл бас бизнесийн том хөдөлгүүр гэдгийг яривал дуусашгүй урт сэдэв болно. Ийм чухал зүйлийг тэгэхээр үгүйсгэх бус ойлгож эхэлбэл өөрт л тустай.


Урам зориг авдаг алдартан, мэргэжилтэн гэж бий юу?

Анхны бөгөөд энэ салбарт цорын ганц Пулицерийн шагналт загварын шүүмжлэгч Робин Гивхан. Түүний бичсэн нийтлэлүүдээс сэтгүүлчийн объектив чанар, мэдлэг ханхалдаг. Харьцуулсан жишээ нь хүртэл цааш ухаж мэдмээр судлагдахуун болдог. Бидэнд загварын сэтгүүлч нарын тухай илтгэл тавих болтол Робин Гивхан надад таарсан. Instagram-аар түүнд бичээд “залгамж халаа дүү нартаа юу гэж захих вэ?” гэсэн асуултад минь тэр хариу ирүүлсэн гээд боддоо. Би нүдэндээ итгээгүй. Түүний “Версалийн тулаан” номыг загварын салбарынхан андахгүй, тун уншууртай бүтээл бий.

Залуус загварт: Герман улсад загварын сэтгүүл зүйгээр суралцдаг Д.Чанцалдулам (фото 12)
Робин Гивхан

Дуртай брэнд, эсвэл дизайнераасаа дурдаач?

Брэнд үүсгэн байгуулагчдын түүхэнд дуртай. Диор, Баленсиага, Шанель, Тьерри Мюглер, Карл Лагерфельд. Дуртай дизайнер гэвэл Раф Симонс, Миучча Прада. Мөн Мария Грация Кьюри намайг их хэлбэлзүүлдэг. Нэг дурлаад л нэг дургүй болоод л…

Залуус загварт: Герман улсад загварын сэтгүүл зүйгээр суралцдаг Д.Чанцалдулам (фото 13)
Карл Лагерфельд
Залуус загварт: Герман улсад загварын сэтгүүл зүйгээр суралцдаг Д.Чанцалдулам (фото 14)
Миучча Прада
Залуус загварт: Герман улсад загварын сэтгүүл зүйгээр суралцдаг Д.Чанцалдулам (фото 15)
Раф Симонс
Залуус загварт: Герман улсад загварын сэтгүүл зүйгээр суралцдаг Д.Чанцалдулам (фото 16)
Коко Шанель

Нууц биш бол карьерынхаа өндөрлөгийг хэрхэн төсөөлдөг вэ? Биелүүлэхээр зорьж буй туйлын хүсэл бий юу?

Хэзээний л сурсан мэдсэнээ бусадтай хуваалцах дуртай тул блог, влог хийсээр ирсэн. Яагаад ч юм охид дүү нартаа чиглэсэн зүйл хийх нь миний сэтгэлийн дуудлага мэт. Тэгэхээр энэ тал дээр ном байна уу, сэтгүүл байна уу заавал нэг үйл бүтээнэ гэж боддог. Ер нь бичих, нийтлэх дуртай болохоор олон охинд хэрэг болох зүйл бичих юм сан л гэж хүсдэг дээ.

Цаг гарган бидэнтэй ярилцсанд баярлалаа.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх