Нора Дагва Mongolia's Next Top Model-ын ялагчийг хэрхэн тодруулах талаар ярьж байна
Мөн өөрт тохиолдсон сорилын тухай
Энэ бол Нора Дагвагийн Бюро 24/7-д өгч буй хоёр дах ярилцлага. Өмнө нь бид монголын загварын ертөнцөд үгүйлэгдэж байгаа зүйлс, охид супер модель болохын төлөө хэрхэн хичээх хэрэгтэй тухай ярилцаж байсан. Тэгвэл тэр ярилцлагаас хойшхи нэг жил хагасын хугацаанд Улаанбаатарт олон зүйл өөрчлөгджээ. Үүний хамгийн тод жишээг өнөөдөр Mongolia's Next Top Model реалити шоу нэвтрүүлгийн сүүлчийн дугаараас бид харж, Монголын хувцас загварын ертөнц цоо шинэ өнгө төрхтэй болсныг үзэх болно.
Mongolia's Next Top Model реалити шоу нэвтрүүлгийн үнэнч фэнүүд Бюро 24/7-гийн хуудаснаас бүх дугаарын зураг авалт хийгээд тайзны ард өрнөсөн зүйлсийн талаар тухай бүрт нь мэдээлэл авсан билээ. Нэвтрүүлгийн цорын ганц ялагчийг шүүгчид хэрхэн тодруулах, түүнд ямар шаардлага тавьж байгаа тухай бид үндсэн шүүгч Т.Нансалмаа, Н.Оргил нараас тодруулсан ярилцлага та бүхэнд өмнө нь хүргэсэн байгаа. Одоо харин өөрөө мэргэжлийн загвар өмсөгч хүн учраас зураг авалт бүрийг илүү өөр дээрээ мэдэрч, оролцогчдын амжилт болоод алдаа дутагдлыг тун шударгаар хэлж байсан гурав дах үндсэн шүүгч Нора Дагва юу гэж бодож байгааг дэлгэе.
I
Бид яг одоо Mongolia's Next Top Model реалити шоуны хамгийн оргил үед ирээд байна. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд монгол орон загварын ертөнцөөр бүрэн амьсгаллаа. Сэтгэгдэл ямар байна вэ?
Сэтгэгдэл маш өндөр байна. Дэлхийн хэмжээний шоу манай Монгол улсад зохион байгуулагдахад би өөрөө нэг хэсэг нь болж ажилласандаа баяртай байгаа. Тэмцээн эхэлж байх үед өөрийгөө олон нийтийг хамарсан шоунд хэрхэн оролцох бол гэсэн сандрал байсан. Одоо энэ бүхний ард гарахад ганцхан өдөр үлдсэн бөгөөд сэтгэл маш амар, их өег байгаа. Үзэгчдэд маань ч бас нэвтрүүлэг хүрч, таалагдсан байх гэж найдаж байгаа.
Анх энэхүү тэмцээний шүүгч, хөтлөгчөөр уригдахдаа та юу гэж бодож байсан бэ?
"Монгол Масс Медиа групп Mongolia's Next Top Model нэвтрүүлгийг хийх эрхийг авлаа" гэдэг мэдээг анх уншаад "Ямар мундаг юм бэ? Манай монголчууд ийм шоу хийхээр зориглоод эрхийг нь авсан байна" гээд тун их бахархсан. Манай загварын ертөнцөд ажилладаг мэргэжлийн хүмүүс цөөхөн болохоор тэднийг маш гоё нэгтгэж, хамтын хүчийг нь гаргасан шоу болох ёстой гэж бодож байлаа. Өөрийгөө заавал орох ёстой гэж бодоогүй ч дотроо бол мэдээж энэ багт нэгдэх юмсан гэсэн хүсэл байсан. Харин надад үндсэн шүүгч болон хөтлөгчөөр ажиллахыг урьсан хүсэлт ирэхэд би маш гоёор хүлээж авсан. Учир нь олон загвар өмсөгчдөөс намайг сонгож урьсан нь миний олон жил загварын салбарт хийсэн ажил хөдөлмөрийг үнэлж, урамшуулсан үйл явдал санагдаж байлаа.
Анх нэвтрүүлэгт оролцох охидыг бүртгэж эхлэх үед ямар охид оролцоосой гэсэн хүлээлттэй байсан бэ?
Ер нь би загварын чиглэлийн ямар ч шалгаруулалтанд их дуртай. Шинэ нүүр царай болох хүмүүсийг олж харж, өөрөө тэдэнд боломж олгох гэж байгаа нь надад таалагддаг. Тийм ч учраас би илүү этгээд, өвөрмөц царай төрхтэй охидыг сонгодог. Mongolia's Next Top Model-ийн шалгаруулалт эхлэхэд бараг л би өөрөө энэ нэвтрүүлэгт оролцох гэж байгаа юм шиг догдолсон. Учир нь энэ бол дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн брэнд нэвтрүүлэг шүү дээ. Тиймээс ямар царай төрхтэй, ямар хувь хүний төлөвшилтэй хүмүүс байх бол гэдэг нь их сонирхолтой байсан.
Нөгөө талаар энэхүү нэвтрүүлэг анх удаа зохион байгуулагдсан учраас зарим бүртгүүлсэн охид шалгаруулалтанд ирээгүй. Тэд магадгүй биднийг шоугаа хэрхэн хийх нь вэ гэдгийг харж, хүлээзнэсэн байж магадгүй. Миний хувьд энэ жил шалгаруулалтанд орсон, тэнцсэн охиддоо маш сэтгэл хангалуун байгаа. Тэд бүгд өөр, өөр төрлийн сонирхолтой, зан араншин, үзэл бодолтой хүмүүс учраас шоуг маань ч гоё чимж өгсөн.
Нэвтрүүлэг цацагдаж эхэлсний дараагаас "Орчин үед царай муутай хүнийг өвөрмөц төрхтэй гэж нэрлэдэг болсон" гэх хэллэг хүмүүсийн дунд тархаад байна. Тэгэхээр Норагийн хувьд өвөрмөц төрх гэж юу вэ?
Хэрэв манай шоунаас үндэслээд "Царай муутай хүн гэж байхгүй, тэд бүгд өвөрмөц төрхтэй" гэж хэлж байгаа бол энэ шоу хүмүүст ямар сайн хүрсэн байна вэ гэдгийг нэг талаар харуулж байна. Өвөрмөц төрх гэдгийг хүмүүс бүгд өөрөөр ойлгодог байх. Минийхээр бол жирийн нэг нийтлэг царайнаас ондоо, хүний санаанд үлдчихдэг, амархан мартагддаггүй төрхийг өвөрмөц төрх гэж хэлнэ. Энэ нь царай муутай ч юм уу, том хацар, духтай байх, эсвэл ямар нэг нүүрний гажигтай байна гэсэн үг биш л дээ. Өвөрмөц гэдэг бол хүний анхаарлыг өөртөө татаж чаддаг, ямар нэг байдлаар сэтгэлд хоногшиж үлдэх тэр л байдал. Жишээ нь Кейт Моссыг нэрлэж болно. Тэр өвөрмөц төрхтэй мөртлөө хөөрхөн, бас сонирхолтой ч юм шиг харагддаг шүү дээ.
Хүмүүс загвар өмсөгчдийг нэг бол хөөрхөн харагддаг, эсвэл cool байдаг, үгүй бол өвөрмөц төрхтэй байх ёстой гэсэн гурван төрлийн хандлагаар хүлээн авч байна. Тэгэхээр загвар өмсөгч хүнд энэ гурвын аль нь байх вэ? Эсвэл холимог байх уу, гурвуулаа зэрэг байх уу? MNTM-ын оролцогч охидын хувьд энэ байдал ямар байв?
Яг энэ гурван шинж бүгдээрээ байвал тэр үнэхээр супер модель. Бид ийм л модель хайж байгаа. Манай үзэгчдээс оролцогч охидыг зөвхөн гадаад байдлаар нь дүгнэж байгаа хандлага багагүй ажиглагдсан. Тэгэхдээ тухайн загвар өмсөгч хүний дотоод зан байдал, сэтгэл санаа жинхэнэ загвар өмсөгч болоход маш чухал. Гадаад төрхийн хувьд хөөрхөн бөгөөд өвөрмөц гэсэн холимог төрхтэй байж болно. Тэмцээний явцад бол амьдрал дээр энгийн, хөөрхөн царайтай оролцогч охид маань нэг их сайн амжилт үзүүлсэнгүй. Учир нь тэдэнд хувирах чадвар дутсан ч юм уу, эсвэл өөрийгөө илүү сайн дайчлах чадвар бага байлаа.
Mongolia's Next Top Model реалити шоу нэвтрүүлгийн гол зорилго бол бүх сайн, сайхан шинж чанарын багц болсон тийм л хүн юм. Тэр хүний дотоод байдал нь дайчин бөгөөд өвөрмөц, хөөрхөн, cool дүр төрхөнд хувирах чадвартай, хаана ч өөрийгөө аваад явж чадах ёстой.
Өмнө нь хоёулаа ярилцаж байхад та "Магадгүй модель хүн цаанаасаа төрчихсөн байдаг байх" гэж хэлж байсан.
Тийм, тийм. (инээв)
Тэгвэл нэвтрүүлгийн оролцогч болсон 16 охин дотор ингэж хэлэгдэх хүн хэр олон байв?
Оролцогч болгон өөр, өөрийн гэсэн дүр төрх, зан араншинтай бөгөөд "Энэ хоёр хоорондоо адилхан шүү" гэж хэлэгдэх хүн байсангүй. Шилдэг гурван оролцогчоо аваад үзье л дээ. Тэдний дундаас нэгийг сонгоно гэдэг үнэхээр хэцүү. Яагаад гэвэл тэд тэмцээний явцад маш их зүйл сурсан. Ялангуяа фото модель чиглэлээр. Би өмнө нь "Төрчихсөн модель" гэдэг ойлголтыг илүү хүний бие, галбирт төвлөрүүлж хэлсэн юм. Орчин үед загвар өмсөгч гэдэг хүнийг өндөр, туранхай, царай зүс гоё байх ёстой гэсэн нийтлэг нэг шаардлагаар дэлхий нийт шалгаруулж, мэргэжлийн талбарт ажиллуулж байна. Тиймээс манай нэвтрүүлэгт орсон бүх охид хэн нь ч хэнээсээ илүү гарч давахааргүй, бүгд төрчихсөн моделиуд гэж хэлж болно. Тэд бүгд мундаг. Хамгийн гол нь өөрт байгаа тэр байгалийн өгөгдлийг загвар өмсөгчийн мэргэжлийн дагуу яаж харуулж байна вэ гэдгээр нь л бид дүгнэж оролцогчдоо шигшиж ирсэн.
Хэрэв чи үнэхээр мэргэжлийн модель болохыг хүсвэл карьертаа үнэнч байж дундуур нь битгий өөр зүйлд сатаар. Биеэ зөв хөгжүүл. Хамгийн гол нь дайчин чадвар, сэтгэлийн тэнхээ чухал.
Хүмүүс одоо нэг л зүйлийг маш их мэдэхийг хүсч байна. Тэр бол шилдэг гурваас ямар шалгуураар нэгийг нь тодруулах вэ гэдэг асуудал. Тэгэхээр Нора шүүгчийн хувьд ямар шалгуураар сонгох гэж байна вэ?
Би сая энэ оролцогчид маань бие галбир, царай зүс нь бүгд сайхан, хоорондоо энэ тэнцүү, хүчтэй өрсөлдөгчид гэж хэлсэн шүү дээ. Тэмцээний туршид энэ гурван оролцогч үргэлж шилдэг зургуудын эзэн болсон. Тэд дандаа сорилд түрүүлдэг, бусдыгаа манлайлж ирсэн. Нэвтрүүлгийн ялагч маань цаашдаа мэдээж монголын зах зээл дээр өрсөлдөхөөс гадна гадны зах зээл рүү Монгол улсаас шалгарсан Топ модель гэх нэр хүндтэй явах учраас бид хэнийг сонгож явуулах вэ гэдгийг маш сайн бодох ёстой. Тэгэхээр хэн нь цаашдаа загвар өмсөгчийн карьераа нэр төртэйгээр биелүүлж, олон улсын тавцанд модель гэдэг нэрээ авч явж чадах вэ гэдэг өнцөгөөр харж, үүнийг биелүүлж чадах уу гэдгийг нь дотоод мөн чанарт нь тулгуурлаж дүгнэх болно.
Өмнө нь зочин шүүгч дөрөв дэх 10 оноог өгдөг байсан. Одоо сүүлийн шатанд энэ үүргийг хэн гүйцэтгэх вэ?
Энэ удаа бол дөрөв дэх шүүгч бол үзэгчид. Үзэгчдийн санал бол бидэнд чухал. Реалити шоунд бүх юм үнэнээрээ үзэгчдийн дунд өрнөж байгаа учраас бид үзэгчдийн саналыг яг дөрөв дэх шүүгчтэй адил хүлээж авна.
Шилдэг гуравт үлдсэн охидод бүгдэд нь сул тал болон давуу тал байгаа. Сул талаа яаж сайн нууж, давуу тал болгож байна вэ гэдэг л чухал. Тэднийг аль нэг шалтгаанаар өөлөх юм бол зөндөө өө байж болно. Угаас өв тэгш, зуун хувь хүн гэж хаана ч байхгүй. Манай нэвтрүүлгийн гурван оролцогчийн талаар би нэг янзаар бодож байхад чи өөрөөр харж байгаа. Тийм болохоор манайд гурван шүүгч байдаг. Тэгээд дөрөвт нь үзэгчид байгаа учраас ер нь бол хамгийн шилдгийн шилдгийг шалгаруулж чадах байх аа.
Энэ удаагийн шоу нэвтрүүлгийг зарим хүмүүс ямар болох нь вэ гэж харзанасан байх гэж та хэлсэн шүү дээ. Mongolia's Next Top Model-ын дараагийн шинэ улирал зохиогдвол оролцохыг хүсэх хүмүүс ямар бэлтгэлтэй байх хэрэгтэй вэ?
Юун түрүүнд хэлний бэлтгэл чухал. Мөн туршлага хэрэгтэй. Яг загварын чиглэлийн туршлагагүй, харанхуй орж ирсэн охид зарим зүйлсийг мэдэхгүйгээс болж хоцрох тохиолдол олон гарсан. Хүмүүс ч биднийг туршлагатай загвар өмсөгчид оролцууллаа гэж их шүүмжилсэн. Тэгвэл бид America's Next Top Model шоуны "Библи" буюу гол дагаж мөрдөх дүрмүүдийг тусгасан номон дээр "Өмнө нь туршлагатай, туршлагагүй хамаагүй 17-25 настай, 172см-с дээш өндөртэй залуу бүсгүйчүүдийг тэмцээнд оруулна" гэж бичсэн байдгийн дагуу шийдвэрээ гаргасан.
Нэвтрүүлгийн дараагийн улирал хийгдэхэд оролцох охидод хамгийн чухал зүйл бол англи хэл. Дараа нь загварын алхааны хичээл авах хэрэгтэй. Тэгэхдээ өөрийгөө эвдэж болохгүй. Загварын алхаа гэдгийг зарим охид хэтэрхий аальгүйтэх гэж ойлгодог. Мөн зургаа авахуулах, камерьтай ажиллах туршлагатай болооорой. Үнэхээр л түрүүлнэ, амжилт гаргана гэж оролцох гэж байвал энэ бүхэн дээр нэмээд сэтгэл санааны бэлтгэл сайн байх хэрэгтэй.
II
Нора Дагва загварын ертөнцөд анх хөл тавьснаас хойш 17 жил өнгөрчээ. Тэр загварлаг хувцаслах дуртай, өндөр нуруутай аав, ээжийнхээ ачаар арван жилийн сургуульд байхдаа л өндөр, туранхай бие хаагаараа ялгардаг байжээ. Дархан хотоос гаралтай Нораг загварт оруулсан хоёр гол хүн байдгийн нэг нь түүний эгч, загвар өмсөгч Д.Оюундэлгэр. Шилмэл загвар агентлагийн загвар өмсөгч байсан тэрээр Нораг 14-15 настай байхад анх загварын алхаа заадаг байж. Дараа нь тэрээр мөн 2004 онд Нораг Сингапурт сурахыг зөвлөн, мэргэжлийн загвар өмсөгч болох эхлэлийг нь тавьжээ. Нораг нээж харсан нөгөө хүн бол Донж төвийн Б.Төгөлдөр агсан бөгөөд 2000 оны Гоёл наадам Нора Дагвагийн эхний мэргэжлийн тайз байлаа. Түүний олон улсад гаргасан загварын карьерт Chanel, Hermès, Emillio Pucci, Max Mara зэрэг брэндүүдийн загварын шоунд алхаж, Dazed & Confuzed сэтгүүлийн нүүрэнд гарч, Их Британийн Harold, Италийн Anathor, Хонг Конгийн Elle, Cингапурын Womans weekly сэтгүүлүүдийн зураг авалтанд оролцсон түүх бий. Тэгэхдээ одоо 33 настай тэрээр ирээдүйгээ хэрхэн харж байна вэ?
Эх сурвалж: http://buro247.mn/fashion/news/mongolia-s-next-top-model-temtceeniy-sh-gchdiyg-taniltcuulzh-bayna.html
Эх сурвалж: http://buro247.mn/fashion/news/mongolia-s-next-top-model-temtceeniy-sh-gchdiyg-taniltcuulzh-bayna.html
-
Реалити шоуны нэг хэсэг байх, олон нийтийн өмнө нь амьд харилцаа үүсгэж ажиллах нь өөрт чинь ямар байсан бэ?
Яг реалити шоунд ороход үнэхээр гоё байна. Маш их юм сурсан. Миний ажиллаж байсан ажлын карьерт энэ шоу өөр нэг шинэ хуудас нээсэн. Би чинь өмнө нь дандаа алхаад, зургаа авахуулдаг байсан бол хөтлөгч гэдэг юмыг зах зухаас нь хийж үзсэндээ аягүй урамшиж байгаа. Анх удаа хөтлөж байгаа учраас мэдэхгүй чадахгүй юм их гарсан. Яагаад гэвэл би хэлний хүн биш, сэтгүүлч ч биш. Надад ярьж ажил хийх шаардлага хэзээ ч гарч байсангүй. (инээв.)
Нөгөө талаар загварын салбар, телевизийн салбар хоёр маш ялгаатай том зүйл юм байна гэдгийг ойлголоо. Хэдийгээр загварт ч бүх зүйл хамтын бүтээл болж гардаг ч телевизд бүх юм яг л нэг бүхэл машин ажиллаж буй мэт зогсошгүй байдаг. Энд бүх юм хамтын бүтээл байхаас гадна бүх хүн ажлаа сайн хийж чаддаг байх хэрэгтэй юм байна. Би өмнө нь бараг телевизийн ярилцлага өгч байгаагүй атал шууд л реалити шоуны хөтлөгч хийхээр болсон. Тэгэхдээ би чадах болов уу гэж өөрөөсөө огт асуугаагүй. Би чадахгүй байсан ч сурна гэсэн зорилготой орж ирсэн. Тиймээс хөтлөгч хийх даалгавар надад нэг тийм гоё, амттай сорил санагдсан.
Анхны дугаар дээр Нора тайзан дээр гарч ирэхдээ сандарч байгаа нь ажиглагдсан.
Тийм үү, харагдаж байсан уу?
Тийм ээ, одоо харин хамгийн сүүлийн бичлэгээ хийлгэхэд тэр сандрал хэр арилсан байв? Эсвэл бас л нэг тийм догдлол төрөх нь хэвээр байв уу?
Нээлтийн шоу маань олон нийтийн дунд болж, би тайзан дээр гарч ирж хөтөлсөн шүү дээ. Би өмнө нь ямар ч арга хэмжээ хөтлөж үзээгүй болохоор үнэхээр "харанхуй" байсан. Намайг нүүр хувиргалтаа хийж дуусах үед бараг л гурав эргүүлээд л тайз руу араас түлхээд гаргасан. Нээрээ шүү. (Инээв) Өмнөх өглөө нь хэлэх үгээ авч, ямар ч байсан цээжилсэн. Гэхдээ цээжилсэн зүйлээ унших, хөтлөх хоёр бол шал өөр. Тэр анхны мэдрэмж сүүлийн дугаар дээр шал өөр болж, одоо арай бага сандардаг болсон байна.
Нэвтрүүлэг цацагдаж эхэлснээс хойш үзэгчдийн дундаас маш их хошин элэглэлүүд гарсан.
Ихэнх нь надтай холбоотой байсан. (инээв)
Тэр болгоныг хэрхэн хүлээж авав?
Шүүмжгүй юм гэж ер нь байхгүй. Шүүмжилж байж л сайн зүйл байна. Мэдээж би түүнийг хүлээж авч, анхаараад явна. Ямар нэгэн тийм хошин элэглэлүүд гарч ирэхэд би нэвтрүүлэг маань үзэгчдэд хүрч дээ л гэж бодсон. Мэдээж алдаа дутагдал зөндөө байлгүй л яах вэ. Үзэгчид мэргэн шүүгчид гэж үг байдаг. Манай нэвтрүүлгийн үзэгчид, фэнүүд аягүй айхавтар. Оролцогч охидын устай зургийг титаниктай холбочихсон байсан нь надад хөөрхөн санагдсан. Хүмүүсийн хийсэн хошин зүйлсийг би ямар нэг доромжлол гэж хүлээж авахгүй байгаа. Яагаад гэвэл тэр охид үзэсгэлэнтэй, гоё хүмүүс.
Нэвтрүүлгийн видео бичлэгээс эвгүй мөчүүдийг таслаж авсан зургуудын хувьд бол загвар өмсөгч охид маань бүгд л та бүгдийн ах, эгч, дүү шиг энгийн хүмүүс. Тэдний ажил нь л модель болохоос биш өвдөх үедээ өвдөж, ядрах үедээ ядарч, сэгсийх үедээ сэгсийнэ. Харин зургаа авахуулах үедээ маш гоё харагдаж байгаа биз дээ?
Нэвтрүүлгээ үзэж байхдаа юуг илүү олж харахыг хичээдэг байв?
Нэвтрүүлгээ гэртээ, болж өгвөл ганцаараа үзэхийг хүсдэг. Учир нь хүмүүс хамт үзэхээр оролцогч охидыг зогсоо зайгүй асуугаад байдаг юм. Би чинь шүүлтээ бичүүлсэн, өөрийн оролцсон зураг авалтуудаа мэдэхээс биш оролцогчдыг 24 цагийн турш бичиж байгаа камерыг шүүж хардаггүй учраас нэвтрүүлгээрээ дамжуулж тэднийг ямар хүн бэ гэдгийг таньж авдаг байсан. Зурагтаараа үзэхийн зэрэгцээ гар утсан дээрээ хүмүүсийн хандлагыг давхар ажигладаг. Үзэгчид ямар сэтгэгдэл хэлж байгааг нь анхаарч, ямар алдаа байна вэ гэдгийг засах гэж хичээж байсан.
Арван таван дугаараас хамгийн таалагдсан дугаар гэж байгаа юу?
Бүх дугаарууд маань таалагдаж байгаа. Охид өөрсдийн хамаг чадлаараа хичээж, уйлах үедээ уйлж, баярлах үедээ баярлаж бүх зүйл үнэнээр өрнөж байгаа шүү дээ. Надад бол эхний хэдэн дугаар маш үзүүштэй байсан. Оролцогчид олон байхад өрсөлдөөн их, бүгд нэг нэгнийхээ талаар сайн мэдэхгүй. Хэн нь ч цойлоод гараад ирэх боломжтой. Эхний дугааруудад би өөрөө нэг их сайн хөтлөж чадахгүй байсан учраас өөрийгөө ямар харагдах бол гэдэг нь их сонирхолтой байсан. Заримдаа бас урамших сэтгэгдэл ч төрнө.
Шүүгчийн хувцсанд зориулж монголын урдаа барих дизайнерууд оролцож, Норад олон хувцас зориулж хийсэн. Магадгүй одоо тэдгээр хувцас шүүгээнд чинь тусгай орон зай эзлэж байгаа байх. Ер нь дэлгэцэнд ямар дүр төрх бүтээхийг илүү зорьж байсан бэ?
Мэргэжлийн загварын шоуны хөтлөгч хүн гэдэг утгаараа би илүү өнгөлөг, биеийн галбир харуулсан, залуу харагдах хувцас сонгож өмсөх гэж хичээсэн. Үүнд маань монголын урдаа барьдаг мундаг дизайнерууд их тусалж ажилласан. Тэд надад тусгайлан зориулсан, дугаар болгонд тохирох дүр төрхийг бүрдүүлэх хувцас хийсэн шүү дээ. Ер нь бол телевизийн хөтлөгч нарт даруухан, консерватив, тэргүүн хатагтай шиг хувцаслалт зонхилдогоос би аль болох татгалзсан. Үүний тулд дугаар бүрт өөр дүр төрх гаргахыг хичээж, үс засалт, нүүр будалтаа шинэчилдэг байсан. Энэ дашрамд хэлэхэд миний арын албанд ажилласан бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлье.
Одоо Нора франц хэл сурахаар төлөвлөж байгаа бололтой. Үүний цаана ямар нэг ирээдүйн зорилго байгаа юу?
Тийм ээ. Хэдийгээр би англи хэл сураад арав гаруй жил болж, чөлөөтэй ярьж, бичдэг болсон ч үргэлжлүүлэн сурахаар шоугаа дуусгасны дараа Лондон руу явах гэж байгаа. Одоо би гуч гарсан настай учраас яагаад дахиад нэг хэлийг нэмж сурч болохгүй гэж бодож байна. Би багаасаа л франц хэл сурахыг мөрөөддөг байсан. Өмнө нь би олон хүсэл, мөрөөдлүүдээсээ жил бүр нэг, хоёрыг биелүүлж ирсэн бол одоо франц хэл сурах ээлж маань болсон юм шиг байна. Франц улс, тэр дундаа Парис хот бол гайхамшигтай. Жилд би дор хаяж нэг удаа Францад очихыг хүсдэг. Яагаад гэвэл намайг очих бүрт Парис дандаа шинэ, өөр газар шиг санагддаг.
Нора одоо бие галбиртаа анхаарч юу хийж байна вэ? Олон төрлийн фитнесс дасгалууд туршиж үзсэн байх. Одоо алийг нь тогтмол хийдэг вэ?
Мэдээж эрүүл, зөв хооллож амьдрахыг хичээдэг ч энэ маань улирлаас болон аль улсад байгаагаас хамаарч үе, үе өөрчлөгддөг л дөө. Монгол маань эрс тэрс уур амьсгалтай учраас энд байх хугацаандаа илүү илчлэгтэй хоол идэх болдог. Би ер нь бол гурил болон сүү орсон хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэггүй, зөвхөн цагаан мах идэхийг хичээдэг. Энэ өвөл бол эрч хүчтэй байх үүднээс улаан махтай хоол идсэн.
Надад хамгийн таалагддаг дасгал бол усанд сэлэлт. Өвлийн улиралд илүү фитнесст явж, гүйхийн хажуугаар өөрийн жинд таарсан төмөр өргөж байсан. Одоо би хорин настай загвар өмсөгч биш учраас масс суусан, илүү эмэгтэйлэг бие галбиртай байх хэрэгтэй. Мөн пилатизаар долоо хоногт 2-3 удаа хичээллэдэг. Энэ бүх дасгалуудын ачаар шоуны үеэр надад зориулж хувцас урласан дизайнеруудынхаа загварыг гоё харагдуулах гэж хичээсэн.
Та эмэгтэй хүний залуу нас хэр удаан үргэлжилнэ гэж боддог вэ?
Хэрвээ хүн өөрөө сэтгэлээрээ залуу байх юм бол насан туршдаа залуу байж болно шүү дээ. Хүмүүс гучин нас хүрэхээрээ "За одоо хөгширлөө" гэж ярьдаг. Дөчин нас хүрэхээрээ бүр хөгшин болчихлоо гэдэгтээ итгэж эхэлдэг. Гэтэл дөч, тавин насандаа гоё явж байгаа хүмүүс маш их. Нас бол зүгээр л тоо. Хүн яаж амьдарснаараа л өөрийнхөө залуу насыг хэр удаан үргэлжлэхийг тодорхойлох болно.
Одоо Нора цаашдын карьераа хэрхэн үргэлжүүлэхээр харж байна вэ?
Зарим хүн 33 насыг загварт тохирохгүй хөгширсөн гэж хэлдэг. Миний хувьд өөрийгөө илүү дайчилж, загвар өмсөгчийн карьераа орхихгүй бөгөөд гэрэл зургийн чадвараа илүү сайжруулах бодолтой байгаа. Лондонд очсоныхоо дараа жүжигчний хичээл авахаар төлөвлөсөн. Надад хөтлөгч, жүжигчин гэсэн мэргэжил их таалагдсан. Өнгөрсөн онд намайг кинонд тоглуулах хоёр санал ирсэн юм. Нэг нь бүр надад зориулсан "Нора" гэдэг нэртэй кино. Одоохондоо би яг кинонд тоглоно гэж хэлж чадахгүй. Тэгэхдээ Mongolia's Next Top Model реалити шоу надад шинэ үүд хаалга нээж, өөртөө шинэ салхи оруулахад их тусаллаа. Би хөтлөгчийн ажлыг зах зухаас нь хийж үзэж, их гоё мэргэжил юм байна гэдгийг нь мэдэрсэн.