Хайх

Загварын ертөнц дэх шинэ нэр: MIR Stores

Загварын ертөнц дэх шинэ нэр: MIR Stores

Made In Russia

Text: Ө.Тодгэрэл


“Энгийн зүйлсэд гоо үзэсгэлэн оршдог” хэмээн MIR маркийн үүсгэн байгуулагчид Катя ба Алексей нар зарлалаа. Энэ нь мэдээж хэрэг үнэний ортой зүйл юм. Эдгээр хоёр залуус хамтарч, хүнд хамгийн хэрэгцээтэй, энгийн загвартай, гар аргаар нэхсэн кардиган ба свитер цамцнууд бүтээж байна

Энэхүү шинэхэн байгуулагдсан маркийн нэрийг маш энгийнээр тайлбарлаж болно. MIR гэдэг нь Made In Russia гэх үгсийн эхний үсгүүдийн нийлбэр юм. Катя, Алексей хоёр мэргэжлийн дизайнерууд биш бөгөөд өөрсдийгөө дизайнер гэж нэрлэх ч дургүй. Гэхдээ тэд хувцас бүтээх үйл явц, үйлдвэрлэлийн зохицуулалт, ложистик болон сурталчилгааны ач холбогдлыг сайтар ойлгож, өөрсдийн санааг хэрэгжүүлж чаджээ. Тэд мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн найрсаг хамт олон бий болгож, өдөр тутмын үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

"ХХ зууны дунд үед алдарт зохиолчид болох Фрэнсис Скотт Фицжеральд ба Ивлин Во нар тэр үеийн алтан залуучуудын тухай өгүүлсөн олон роман бичсэн. Тэдгээр залуучууд нь Англи ба АНУ-ын шилдэг их сургуулийн боловсролтой бөгөөд хамгийн гол нь маш цэмцгэр хувцасладаг оюутнууд байлаа. Бид тэр номуудын үнэнч шүтэн бишрэгчид ба манай улсын шилдэг их сургуулийн төгсөгчдийн хувьд бид арай өөр төрлийн стиль Орост оруулж ирэхийг хүссэн" хэмээн маркийн үүсгэн байгуулагчид Buro 24/7-гийн хамт олонд ярьлаа. Тэд номын баатруудаас бүтээлийн санаа авч, амьдралын ямар ч нөхцөлд зохицуулан өмсөж болох хувцаснууд бүтээхээр шийджээ.

Загварын ертөнц дэх шинэ нэр: MIR Stores (фото 1)

Маркийн бүх кардиган ба свитерүүд гар аргаар, байгалийн утсаар нэхэгддэг хэдий ч бэлэн болсон загварууд нэлээд боломжийн үнээр худалдаалагддаг онцлогтой. "Манай хувцаснууд тийм үнэтэй биш ч гэсэн маш сайн чанартай юм шүү. Бид деталь бүрд анхаарлаа хандуулж ажилладаг" гэж Катя, Алексей хоёр нэмж хэллээ.

MIR Stores нь эхэндээ ердөө цөөн хэдэн загвар дээр төвлөрч, тэдгээрийгээ олон өнгийн сонголттойгоор гаргадаг байжээ. Жишээ нь өнгөрсөн 2015/16 оны намар-өвөл цуглуулгад нь хоёр төрлийн свитер болон унжсан мөртэй, хонхон хэлбэр бүхий ханцуйтай кардиган гэх нийт гуравхан төрлийн загвар орсон юм. Гэхдээ л эдгээр загвар нь MIR маркийн гол таних тэмдэг, Оросын олон хэрэглэгчдийн хайртай нэхмэл эдлэл болж хувирсан юм.

Харин тэд хавар-зун 2016 цуглуулгаас эхлэн загварынхаа хүрээг тэлэхээр шийдэж, "slip" даашинз, богино топ, хуниастай юбка гэх зэрэг сүүлийн үеийн тренд бүхий хувцаснууд урлах болсон байна. Маркийн бусад загварыг сонирхож, худалдан авалт хийхийг хүсвэл албан ёсны вебсайтаар нь зочлоод үзээрэй.

цааш үзэх