Загварын хувьсал: Рианна
Good girl gone Bad
Дуучин Рианна бидэнтэй бүхэл бүтэн арваннэгэн жилийн турш хамт байгаа гэдэгт та итгэж чадах уу? Тийм ээ, түүний хамгийн анхны "Pon de Replay" гэх рэгги уур амьсгалтай, бүжгийн хэмнэлтэй дуу 2005 онд гарснаас хойш үнэхээр л урт хугацаа өнгөрчээ. Робин Рианна Фенти буюу Барбадос гэх жижигхэн арлаас ердөө 16 настайдаа ирсэн өхөөрдөм охин энэ хугацаанд Bad Gal RiRi буюу "Муу охин РиРи" болон хувирсан байна.
Өчигдөр болж өнгөрсөн MTV VMA Awards 2016 наадмаас хамгийн нэр хүндтэй Майкл Жэксоны нэрэмжит Vanguard шагналыг хүртсэн чадварлаг дуучин маань дэлхийн олон сая бүсгүйчүүд ба залуучуудын шүтээн болж чадсаны гол нууц нь юу вэ? Тэр бол алдар нэрийн оргилд хүрэх замд өөрчлөгдөөгүй түүний өөртөө үнэнч үлдсэн мөн чанар юм. Дуучин Drake Vanguard шагналыг Рианнад гардуулахдаа "Түүний дуу хөгжим, хувцаслалтын хэв маяг өөрчлөгдсөн ч тэр одоо хүртэл хуучин найзуудтайгаа нөхөрлөж, төрөлх аялгаараа ярьдаг Барбадосын охин хэвээрээ. Тэр бол анхны өдрөөсөө өнөөдрийг хүртэл нэг ч өөрчлөгдөөгүй гайхамшигтай бүсгүй" хэмээн хэлсэн нь хүн бүрийн сэтгэлийг ихэд догдлууллаа.
Рианна яг л хамелеон шиг олон төрлийн үс засалт, нүүр будалт, хувцаслалтын стиль туршиж үзсэний эцэст одоо цагийн хамгийн том загварын шүтээн болоод байна. Зөвхөн дуу хөгжим гэлтгүй, мөн загварын салбарт амжилттай яваа РиРи өнөөдөр өөрийн гэсэн хувцас ба гоо сайхны шугам гаргаж, хэд хэдэн дизайнеруудтай хамтарсан төсөл хэрэгжүүлж, дэлхийн хамгийн том загварын ордонуудын төлөөлөгчөөр ажиллаад амжлаа.
Зоригтой, гэнэтийн, спортлог, тачаангуй, этгээд гэх зэрэг тов тодорхой үгсээр тодорхойлогдох түүний стиль арваннэгэн жилийн өмнө ямар байсан болон хэрхэн өөрчлөгдсөнийг та доорх зурагнуудаас сонирхоно уу.