2017 оны чиг хандлага: Судалтай хээ
Хуучны трендийг шинэ хэв маягаар
Судалтай хээ бол бүх цаг үеийн хамгийн тогтвортой тренд юм. Франц соёлоос өвлөгдөж ирсэн энэхүү чиг хандлага нь улирал бүр загварын тайзнаа гарч, үргэлж загварлаг хэвээр үлддэг онцгой чадвартай. Судалтай цамцны түүх анх 1858 онд эхэлсэн байдаг. Тухайн үед Бретоны тэнгисийн цэргийн өмсгөл байсан уг загвар олон арван жилийн дараа францчуудын өдөр тутмын хувцас болж, удалгүй дэлхий даяар тархсан юм.
Ойролцоогоор хоёр зуун жилийн түүх бүхий судалтай хээг шинэчлэх боломжгүй мэт санагдана. Гэхдээ энэ хаврын улиралд дизайнерууд тун бүтээлч хандлага гаргаж, уламжлалт хээг шинэ концепцтой болголоо. Тодруулбал тэд судалтай хээг нэгэн жигд бус бүтцэд оруулж, хөндлөн ба босоо чиглэлийн, дан эсвэл олон төрлийн өнгөтэй болгожээ. Зарим дизайнерууд мөн харааны хуурмаг дүрслэл бий болгосон байлаа.
Miu Miu, Givenchy, Balmain ба Gucci брэндүүд улаан, улбар шар, шар, оюу ногоон гэх зэрэг даруухан гэхээсээ илүү анхаарал татам, тод өнгөнүүд дээр анхаарлаа төвлөрүүллээ. Харин бусад брэндүүд цагаан ба цэнхэр өнгийн сонгодог хээнээс татгалзсангүй. Тэд хээний өнгийг хэвээр нь үлдээсэн ч, судалны чиглэлийг хэвтээ биш, босоо болгосноор илүү шинэлэг шийдэл танилцуулж чаджээ. Тухайлбал Marques' Almeida, Fendi ба Lanvin брэндүүд энэ хавар босоо чиглэлийн хээтэй даашинз ба хослол өмсөж, галбираа илүү нарийн бас өндөр харагдуулахыг зөвлөж байна.