Электроник хөгжмийн наадамд хэрхэн хувцаслах вэ? Хамгийн загварлаг 4 төpх
Зуны улирал үргэлжилж, хөгжмийн фестивалиуд зохиогдсоор байна
Та бидний хүсэн хүлээсэн INTRO олон улсын электроник хөгжмийн наадам болоход ердөө хэдхэн хоног үлдлээ. Монгол улсад хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй INTRO олон улсын хөгжмийн наадам нь 2009 онд анх Бээжин хотноо зохион байгуулагдаж байсан бөгөөд түүнээс хойш Шанхай, Шиедао, Шиамен, Амстердам зэрэг хотуудад найман жил тасралтгүй амжилттай зохион байгуулагдсан Хятадын хамгийн амжилттай олон улсын электроник хөгжмийн наадам билээ. Энэ жил INTRO наадмын арван жилийн ой тохиож байгаа бөгөөд наадамд Герман, Хятад, Япон, Хонг Конг зэрэг олон улсын DJ нар хүрэлцэн ирэхээс гадна Biliguudei, TMk, Letmen, Mara, BTR, Anu Dol зэрэг Монголын шилдэг DJ нар өөрсдийн хөгжмийг толилуулах юм.
Тэгвэл та бидэнд дуртай хөгжмөө сонсохоос гадна хүссэн өвөрмөц төрхөө бүрдүүлэх боломжийг олгодог электроник хөгжмийн наадамд хэрхэн хувцаслах тухай зөвлөгөөг Buro.-ийн зүгээс бэлтгэлээ. Сонирхуулж хэлэхэд электроник хөгжмийн наадамд загварлаг байдлаас гадна биед тухтай байдал хамгийн чухал гэдгийг санаарай.
Цэцгэн хээтэй даашинз + жийнсэн хүрэм + цагаан хүрэм
Хөгжмийн наадмын дүрэмт хувцсаар нэрлэгддэг цэцгэн хээтэй нимгэн даашинз энэ улиралд ч трэнд хэвээр байсаар байна. Биед тухтай мэдрэмж төрүүлэх цэцгэн даашинзыг жийнсэн хүрэм, торгон алчуур зэрэгтэй хослуулан хүссэнээрээ загварчлан өмсөөрэй.
Савхин хүрэм + жийнсэн өмд + цагаан футболка
INTRO наадамд хэрхэн хувцаслахаа хараахан шийдэж амжаагүй бол шүүгээн дэх хамгийн энгийн хувцаснуудаа ашиглан шик төрх бүрдүүлээрэй. Тухайлбал сонгодог загварын савхин хүрэм, цагаан футболка, жийнсэн өмдийг тод өнгийн кет, өвөрмөц загварын паска цүнх зэрэгтэй хослуулан өмсөж болох юм.
Карго өмд + богино топ
1990-ээд оны хамгийн загварлаг хувцсаар нэрлэгдэж байсан карго загварын өмд хөгжмийн наадмын онцлох загварын нэгээр тодорлоо. Карго загварын өмдийг бариу футболка эсвэл богино топ болоод үзэмжгүй пүүз, зузаан ултай кет зэрэгтэй хослуулаарай.
Дугуйчны шоорт + oversize загварын юүдэнтэй цамц
Дугуйчны өмсгөлийг санагдуулам өвдөг хүрсэн урттай, бариу шоорт энэ оны онцлох чиг хандлагын нэгээр нэрлэгдсэн билээ. Нэхмэл дугуйчны шоортыг oversize загвартай юүдэнтэй цамц, үзэмжгүй пүүзний хамтаар хослуулан сонирхолтой төрх бүрдүүлэхийг санал болгож байна.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт