Хайх

Эрчүүд ч бас өмсөж болно: Билли Портер, Jimmy Choo нарын \"хүйсгүй\" цуглуулга

Эрчүүд ч бас өмсөж болно: Билли Портер, Jimmy Choo нарын "хүйсгүй" цуглуулга

Төрөл бүрийн загварууд

Text: Buro.Mongolia


Загварын салбар анх үүсэж хөгжсөнөөсөө эхлэн одоог хүртэл тасралтгүй шинэчлэгдсээр ирсэн билээ. Эдгээр шинэчлэлтүүд нь нийгмийн тогтолцоо болон хүмүүсийн сэтгэл зүйн өөрчлөлтүүдээс ихээхэн хамаардаг гэдгийг тус салбарын хөгжлийн түүхээс харж болно. Тухайлбал, 1970 болон 1980-аад онд эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр сууриас шалтгаалан тэдний хувцаслалтын хэв маяг гоёмсог даашинзаас “power dressing” буюу тейлор хийцийн хослол руу шилжиж байсан. Учир нь тухайн үед ажил, мэргэжил болон улс төрийн салбарт эрчүүд илт давамгайлж байсан бөгөөд эмэгтэйчүүд тус салбаруудад хослолоор дамжуулан хүчтэй дүр төрхийг бүрдүүлдэг байжээ.

Харин одоо эрчүүдийн загварын салбарт төсөөлшгүй шинэчлэлтүүд хийгдэж эхэллээ. Эрчүүд хүйсээр хуваасан хувцаслалтыг халж хувцасны шүүгээгээ илүү бүтээлч, юунд ч баригдалгүйгээр бүрдүүлж эхлэхийг уриалж байна. Уг хэв маягийг маш олон алдартнууд дэмжиж, таниулж байгаагаас Netflix тавцангийн “Pose” цувралаараа алдаршсан Билли Портер бүр ч илүү дорвитой алхам хийн эрчүүд өмсөж болох өндөр өсгийтийн цуглуулга гаргалаа. 

Тодруулбал, тэрээр жил бүрийн зургаадугаар сард тохиодог ЛГБТК+ нийгэмлэгийн эрхийг хамгаалах сарыг тохиолдуулан Jimmy Choo загварын ордонтой хамтран хүйсгүй цуглуулга гаргажээ. “Би бага байхдаа нагац эгч Шероны өндөр өсгийтэй туфлинүүдийг өмсөж үзэх дуртай байсан. Тухайн үед хурдхан том болоод өөрт таарсныг өмсөөд явахыг хүлээдэг байлаа” хэмээн тус цуглуулгыг гаргах болсон сэдлээсээ хуваалцсан юм. Хүйсгүй цуглуулгад гоёмсог өндөр өсгийтэй туфлинүүдээс гадна гар цүнх, лофер болон платформ ултай гутлууд багтсан байна. Мөн эдгээр загваруудыг 36-аас 45 хүртэл размерын өргөн сонголттой хийж, хүн бүрт хүртээмжтэй байлгахыг хүсжээ. “Загвар бол 'Би өнөөдөр хэн болохыг хүсэж байна?', "Би ямар дүрд хувирах вэ?' гэх асуултуудаас шууд хамаардаг. Харин эдгээр асуултуудад би дийлэнх хүмүүсийн боддогоос өөрөөр хариулдаг билээ. Түүнчлэн бид хүйсийн талаарх уламжлалт ойлголтоосоо болоод хайрцгаасаа гарч чадахгүй байна. Тиймээс нийгэмд тогтсон эрэгтэйлэг байх ёстой гэх хэвшмэл ойлголтоос ангижирч зүгээр л өөрийн хүссэнээрээ байхыг зорьдог” хэмээн Билли Портер Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа загварыг хүйсээр хуваах талаарх үзэл бодлоосоо хуваалцсан юм.

Эрчүүд ч бас өмсөж болно: Билли Портер, Jimmy Choo нарын "хүйсгүй" цуглуулга (фото 1)
Эрчүүд ч бас өмсөж болно: Билли Портер, Jimmy Choo нарын "хүйсгүй" цуглуулга (фото 2)
Эрчүүд ч бас өмсөж болно: Билли Портер, Jimmy Choo нарын "хүйсгүй" цуглуулга (фото 3)
Эрчүүд ч бас өмсөж болно: Билли Портер, Jimmy Choo нарын "хүйсгүй" цуглуулга (фото 4)
Эрчүүд ч бас өмсөж болно: Билли Портер, Jimmy Choo нарын "хүйсгүй" цуглуулга (фото 5)
Эрчүүд ч бас өмсөж болно: Билли Портер, Jimmy Choo нарын "хүйсгүй" цуглуулга (фото 6)
Эрчүүд ч бас өмсөж болно: Билли Портер, Jimmy Choo нарын "хүйсгүй" цуглуулга (фото 7)
Эрчүүд ч бас өмсөж болно: Билли Портер, Jimmy Choo нарын "хүйсгүй" цуглуулга (фото 8)

Билли Портер нь 1969 оны есдүгээр сарын 21-ны өдөр Пенсильвани мужийн Питтсбург хотод төрсөн бөгөөд жүжигчин, дуучнаас гадна загварын салбарт шинэ хэв маягийг түгээж яваа нэгэн. Тэрээр хүйсгүй загварыг дэмждэг хүмүүсийн тэргүүн эгнээнд явдаг бөгөөд улаан хивсний ёслолуудад хүйсгүй төрхүүдийг бүрдүүлдгээрээ алдартай билээ. Тухайлбал, Билли 2019 оны Оскарын наадамд хослолын оронд цээж хэсэг нь смокинг атлаа доод хэсгээрээ дэрвэгэр том хормойтой хамба хилэн даашинзаар гоёж байсан төдийгүй 2020 оны Гремми шагнал гардуулах ёслолд цэнхэр өнгийн саатай комбинзоныг платформ ултай өндөр өсгийтэй гуталтай хослуулж олны анхааралд өртөж байсан юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх