Хайх

Намар-өвөл 2017-18 улирлын 30 чиг хандлага

Намар-өвөл 2017-18 улирлын 30 чиг хандлага

Таны мэдэх хэрэгтэй бүх чиг хандлагууд

Text: Buro.Mongolia


Улс төрийн лоозонтой бичгүүд, бохо шик хэв маягийн шинэ давлагаа, савхин цув болон бусад намар-өвөл 2017 улирлын үндсэн чиг хандлагуудыг Нью-Йорк, Лондон, Милан ба Парис хотуудаас нэгтгэн хүргэж байна.
Жийнсэн материалДизайнер Раф Симонсын Нью-Йоркийн загварын долоо хоног дээр эхлүүлсэн энэ чиг хандлагыг бусад дизайнерууд үргэлжлүүлж, улирлын үндсэн трендүүдийн нэг болгосон. Парисын загварын долоо хоногийн үеэр зарим дизайнерууд богиносгосон эсгүүртэй жийнсэн хүрэм танилцуулсан бол, зарим нь илүү зоригтой алхам хийхээр шийдэж, 2000-аад оны үед моод болж байсан жийнсэн материалтай total look үзүүлсэн байгаа.

Намар-өвөл 2017-18 улирлын 30 чиг хандлага (фото 1)

Хэлбэргүй түрийтэй гутал

Хавар-зуны улиралд богино түрийтэй гутал анхаарлын төвд байсан бол ирэх улиралд урт түрийтэй гутлууд хүчээ авах болно. Дизайнерууд аль болох этгээд дизайнтай гутал өмсөхийг уриалж, тэр дундаа хэлбэргүй түрийтэй загварыг онцолж байна. Ийм төрлийн гутлыг богино ба дундаж урттай даашинз, брюк өмд, юбка гээд ямар ч хувцастай хослуулж болно.

Намар-өвөл 2017-18 улирлын 30 чиг хандлага (фото 2)

Үслэг оруулгатай ханцуй

Y/Project, Dries Van Noten ба Haider Ackermann брэндүүд энэ улиралд уламжлалт хэлбэрийн ханцуйг шинэчилж, аварга том хэмжээтэй үслэг хувилбарууд танилцууллаа. Пальто, үслэг хүрэм, савхин цув гэх зэрэг төрөл бүрийн гадуур хувцсыг чимсэн энэ элементийн ачаар сонирхолтой төрх бүрдүүлэхэд тун хялбар байх болно.

Намар-өвөл 2017-18 улирлын 30 чиг хандлага (фото 3)

Савхин цув

Энэ улиралд савхин цувны давалгаа загварын нийслэл хотуудыг нэгэн зэрэг байлдан дагууллаа. Дизайнеруудын танилцуулсан маш олон төрлийн хувилбарууд дундаас Stella McCartney-гийн гялалзсан эффекттэй, Mugler-ийн шовх мөртэй, мөн Alexander McQueen-ы oversize загвар хамгийн ихээр нүдэнд туслаа.

Намар-өвөл 2017-18 улирлын 30 чиг хандлага (фото 4)

Дөрвөлжин хээ

Шотландын дөрвөлжин хээ нь өмнө нь оффисд зориулагдсан уйтгартай хувцсыг төлөөлдөг байсан бол, одоо тэрхүү цаг үе өнгөрчээ. Энэ намар-өвлийн улиралд дизайнерууд төрөл бүрийн дөрвөлжин хээтэй гадуур хувцас, хүрэм, даашинз болон гутал өмсөхийг санал болгож байна.

Намар-өвөл 2017-18 улирлын 30 чиг хандлага (фото 5)

Гоёмсог загвартай үслэг хүрэм

Үслэг хүрэм нь хүйтний улирал бүрд тренд болдог. Гэхдээ энэ удаад дизайнерууд сонгодог загваруудыг шүүгээнийхээ гүнд далд хийж, Valentino-гийх шиг хээтэй, Miu Miu-гийх шиг хөвсгөр бөгөөд олон өнгөтэй, мөн Y/Project-ийх шиг аварга том хэмжээтэй хүрэм худалдан авахыг уриаллаа.

Намар-өвөл 2017-18 улирлын 30 чиг хандлага (фото 6)

Даашинз дээрх цацагтай деталь

Бохо шик хэв маяг сүүлийн жилүүдэд загварын салбарт байр сууриа бататгаж, ойрын хугацаанд тайзнаас буух төлөвгүй байна. Харин энэ улиралд энэхүү стилийг төлөөлөх цацагтай деталь ноёрхож, ихэнх дизайнеруудын цуглуулгад багтжээ. Даашинзны хормой болон ханцуйг чимсэн урт цацгууд тун удахгүй хаа сайгүй үзэгдэх болно.

Намар-өвөл 2017-18 улирлын 30 чиг хандлага (фото 7)

Хажуу байрлалтай товч

Демна Гвасалия дахин нэг удаа эсгүүртэй ажиллах чадвараа харуулж, стилистикийн сонирхолтой шийдэл танилцууллаа. Тодруулбал Balenciaga брэндийн загварын шоу дээр цув ба пальтоны товч нь хажуу хэсэг рүү шилжиж, мөрөн дээр байршсан байлаа. Хэдийгээр энэхүү тренд нь зөвхөн Гвасалиягийн цуглуулгад үзэгдсэн ч, тун удахгүй бусад дизайнеруудад нөлөөлж, жинхэнэ хит болно гэдэгт бид итгэлтэй байна.

Намар-өвөл 2017-18 улирлын 30 чиг хандлага (фото 8)

Шуудай хэлбэрийн гар цүнх

Энэ намар жижиг хэмжээтэй цүнх ба үүргэвчний оронд шуудай хэлбэрийн аварга том цүнхнүүд зонхилох болно. Хамгийн зоригтой хувилбаруудыг Balenciaga брэнд харуулсан бол, Kenzo ба Loewe нар илүү даруухан загвар танилцууллаа.

Намар-өвөл 2017-18 улирлын 30 чиг хандлага (фото 9)

Мөнгөлөг өнгө

Nehera ба Lemaire брэндүүдийн топ, Off-White-ийн богино эсгүүртэй куртка, Balenciga-гийн юбка зэрэг нь бүгд мөнгөлөг өнгөтэй байлаа. Цагаан алт, мөнгө ба төмөр нь ирэх улирлын хамгийн эрэлттэй чиг хандлагуудын нэг болно.

Намар-өвөл 2017-18 улирлын 30 чиг хандлага (фото 10)

Цагаан өнгийн гутал

Цагаан эсвэл цөцгийн өнгөтэй өндөр өсгийт, түрийтэй гутал зэрэг нь бараан өнгийн брюк өмд, даашинз ба юбкатай сайхан зохицдог. Ихэнх дизайнерууд энэ аргачлалын дагуу цагаан гутлыг хар хувцастай хослуулсан байлаа.

Намар-өвөл 2017-18 улирлын 30 чиг хандлага (фото 11)

Хамба хилэн материал

Хамба хилэн материал нь хоёр улирал дарааллан загварын ертөнцөд ноёрхож байна. Хамба хилэн хүрэм, топ ба брюк өмднүүд Нью-Йорк болон Лондонгийн загварын долоо хоногууд дээр үзэгдсэн байгаа. Харин Миланд энэ чиг хандлага нь дээд цэгтээ хүрч, бүхэлдээ хамба хилэн материалтай хослол, өргөн эсгүүртэй өмд, даашинзууд тайзнаа гарсан юм.

Намар-өвөл 2017-18 улирлын 30 чиг хандлага (фото 12)

Бичигтэй загварууд

Улс төрийн лоозонтой бичиг бол загварын долоо хоногууд болон street style загварт ноёрхож буй улирлын үндсэн чиг хандлагуудын нэг юм. Энэ улиралд дизайнерууд өөрийн үзэл бодлоо футболка, цамц ба малгай дээр бичиж, Дональд Трампын засаглалын эсрэг зогсож буйгаа харууллаа.

Намар-өвөл 2017-18 улирлын 30 чиг хандлага (фото 13)

Сул эсгүүртэй пальто

Намар-өвөл 2017 улиралд дизайнерууд сонгодог өнгөтэй, сул эсгүүртэй пальто өмсөхийг зөвлөж байна. Энэ нь танд уйтгартай санагдаж байвал Victoria Beckham ба Proenza Schouler нарын урласан тэгш бус хормой, өвөрмөц ханцуйтай загваруудыг сонирхоод үзээрэй.

Намар-өвөл 2017-18 улирлын 30 чиг хандлага (фото 14)

Брюк өмд ба пиджакын хослол

Саарал ба цэнхэр өнгөний сонголттой, эрэгтэй эсгүүрийн брюк өмдтэй хослол нь Calvin Klein, Victoria Beckham ба Alexander Wang брэндүүдийн цуглуулгад багтсан. Мөн илүү эмэгтэйлэг загварын бэлхүүс тодотгосон хослолыг Antonio Berardi брэндээс олж харах боломжтой байлаа. Харин oversize загварын, тод өнгөтэй хувилбаруудыг Лондон ба Нью-Йоркийн загварын долоо хоногууд санал болгосон байгаа.

Намар-өвөл 2017-18 улирлын 30 чиг хандлага (фото 15)

Нэхий хүрэм

Хүйтэн өдрүүд эхэлмэгц загварлаг бүсгүй бүрийн шүүгээнд хонины ноосоор хийгдсэн дулаан хүрэм нэмэгдэнэ. Zimmermann брэнд цайвар ягаан өнгийн нэхий урласан бол, Coach нил ягаан ба хөх ягаан өнгийн богино хүрэм танилцуулж, харин Marc Jacobs жимсгэнийн ягаан өнгөтэй загвар танилцууллаа. Түүнчлэн зарим дизайнерууд сонгодог хэв маягийг илүүд үзэж, хар, бор ба хөх өнгийн нэхий хүрмүүд дэлгэсэн юм.

Намар-өвөл 2017-18 улирлын 30 чиг хандлага (фото 16)

Гялтганасан чимэглэл ба саа

Нью-Йоркийн загварын долоо хоног эхэлсэн даруйд бид ирэх улиралд 1980-аад оны диско үеийг санагдуулам гялтганасан хувцсаар гоёх нь тодорхой болсон. Том хэмжээтэй хуванцар чимэглэлүүд, жижиг ширхгүүдтэй саа болон люрекс материал зэрэг нь Christopher Kane, Mary Katrantzou, Mulberry ба Topshop Unique брэндүүдэд ноёрхсон. Үүнээс харахад гялтганасан хувцас өмсөх нь бүдүүлэг, хэт хичээсэн мэт санагддаг байсан үе аль хэдийнээ ард хоцорчээ. Одоо та ийм хувцсыг өмсөж болно, өмсөх ч хэрэгтэй юм.

Намар-өвөл 2017-18 улирлын 30 чиг хандлага (фото 17)

Солонгын долоон өнгө

Сонгодог эсгүүр, даруухан өнгө давамгайлсан Нью-Йоркийн загварын долоо хоногтой харьцуулбал Лондонд нөхцөл байдал өөр байлаа. Энд нүд сохлом тод өнгийн хувцаснууд зугаатай уур амьсгал бүрдүүлж, эрх чөлөө цацруулж байлаа.

Намар-өвөл 2017-18 улирлын 30 чиг хандлага (фото 18)

Өндөр зах

Өндөр зах, хоолойтой кардиган цамц ба свитер нь хэзээ ч моодноос гардаггүй цөөн загваруудын нэг юм. Versus, Mary Kantrantzou ба Roksanda брэндүүд том хэмжээтэй ноосон цамц санал болгосон бол, Burberry ба Temperley брэндүүд сэргэн мандалтын үеийг санагдуулам өндөр захтай цамц тайзнаа гаргалаа.

Намар-өвөл 2017-18 улирлын 30 чиг хандлага (фото 19)

Мөр ил гаргасан загвар

Хэрвээ өнгөрсөн намар ба энэ хаврын улиралд ихэнх дизайнерууд стилистик аргачлалын ачаар мөр ил гаргаж байсан бол, шинэ улиралд эсгүүрийн тусламжтайгаар мөр нүцгэлэх болно.

Намар-өвөл 2017-18 улирлын 30 чиг хандлага (фото 20)

Свитер цамц

Сунасан мэт эсгүүртэй, биед эвтэйхэн свитер цамцыг бид өмнө нь хотоос гарахдаа эсвэл гэртээ өмсдөг байсан бол, одоо энэ загварыг олны нүдэнд ил гаргах цаг иржээ. Ashley Williams, Topshop Unique ба Ryan Lo брэндүүдийн харуулснаар oversize загварын свитер цамцыг ямар ч хувцастай хослуулж болно.

Намар-өвөл 2017-18 улирлын 30 чиг хандлага (фото 21)

Малгай

Хэдийгээр малгай гэх зүйл нь намар-өвлийн улиралтай салшгүй холбоотой энгийн нэгэн загвар ч гэлээ, ихэнх дизайнерууд үүнийг хэзээ ч онцолдоггүй. Гэхдээ Миланд зохион байгуулагдсан загварын долоо хоногийн үеэр дизайнерууд энэ алдаагаа засахаар шийдэж, маш олон төрлийн малгайнууд санал болголоо. Тухайлбал Prada юүдэн хэлбэрийн тод өнгийн үслэг малгай гаргасан бол, Gucci ба Alberta Ferretti брэндүүд өвөрмөц загварын шляп малгай танилцууллаа.

Намар-өвөл 2017-18 улирлын 30 чиг хандлага (фото 22)

Толгойн алчуур

Зөвлөлтийн үеийн хэв маяг дэлхийн дизайнеруудад бүтээлч санаа өгсөн хэвээр байна. Парисын загварын долоо хоногийн үеэр дизайнерууд сонгодог бөгөөд илүү орчин үеийн шийдэлтэй төрөл бүрийн толгойн алчуурууд онцолсон байлаа.

Намар-өвөл 2017-18 улирлын 30 чиг хандлага (фото 23)

Бөмбөгөр ханцуй

Бөмбөгөр, том хэмжээтэй ханцуйнууд бүх цаг үеийн хамгийн шилдэг чиг хандлагуудын нэг болсон. Романтик аястай энэ трендийг намар-өвлийн улиралд Elisabetta Franchi, Antonio Marras, Jil Sander ба Francesco Scognamiglio брэндүүд хэрэгжүүлсэн юм.

Намар-өвөл 2017-18 улирлын 30 чиг хандлага (фото 24)

Энгэрийн тэмдэг

Энэ улиралд энгэрийн тэмдэг хэлбэрийн гоёл чимэглэлүүд хүчээ авах болно. Gucci-гийн пиджакан дээрх жижиг амьтад, Emporio Armani-гийн геометрийн хэлбэртэй тэмдгүүд, Stella Jean ба Ermanno Scervino брэндүүдийн одон хэлбэрийн чимэглэлүүд энэ чиг хандлагын гол төлөөлөгчид юм.

Намар-өвөл 2017-18 улирлын 30 чиг хандлага (фото 25)

Бэлхүүс тодотгосон бүс

Сул эсгүүр давамгайлсан Нью-Йорк ба Лондонгийн загварын долоо хоногуудтай харьцуулбал Миланд эмэгтэйлэг байдал ноёрхож, дизайнерууд загвар өмсөгчдийн бэлхүүсийг бүсээр тодотголоо. 

Намар-өвөл 2017-18 улирлын 30 чиг хандлага (фото 26)

Юүдэн

Гудамжны хувцасны үндсэн элементүүд ready-to-wear загварт нэвтрэн орсон хэвээр байна. Энэ улиралд юүдэнтэй загварууд анхаарлын төвд өртөж, Gucci-гийн цэцгээр бүрхэгдсэн юүдэн ба Max Mara-гийн даашинзны нэгэн хэсэг болсон юүдэн нь спорт элементэд тансаг уур амьсгал оруулж өглөө.

Намар-өвөл 2017-18 улирлын 30 чиг хандлага (фото 27)

Толгойн уяа

Сунадаг бүтэцтэй толгойн уяанууд Gucci-гийн бүтээлч захирал Алессандро Микелегийн ачаар тренд боллоо. Брэндийн логотой спорт загварын уяа, эсвэл цэцгэн оруулгатай бохо шик хэв маягтай уяа нь жирийн нэгэн үс засалтыг хормын зуур гоёмсог болгоно. 

Намар-өвөл 2017-18 улирлын 30 чиг хандлага (фото 28)

Өндөр суудалтай загварууд

1960 ба 1990-ээд оны өндөр суудалтай загварууд дахин нэг удаа загварын тайзнаа гарч ирлээ. Sportmax-ийн спорт өмд, Philosophy Di Lorenzo Serafini брэндийн хөвсгөр хормойтой юбка, мөн Fendi-гийн харандаа хэлбэрийн юбка гээд бүх загварууд өндөр суудалтай байлаа.

Намар-өвөл 2017-18 улирлын 30 чиг хандлага (фото 29)

Улаан өнгийн total look

Хөлөөсөө толгой хүртэл улаан өнгөөр хувцаслах нь зоригтой төдийгүй маш загварлаг шийдэл байх болно. Энэ нь бусдын анхаарлыг татах хамгийн хялбар арга юм шүү.

Намар-өвөл 2017-18 улирлын 30 чиг хандлага (фото 30)

цааш үзэх