Хайх

Once Upon a Time in Hollywood ба 70-аад оны гайхалтай загварууд

Once Upon a Time in Hollywood ба 70-аад оны гайхалтай загварууд

70-аад оны загвар эргээд моданд орлоо

Text: Ө.Тодгэрэл


Квентин Тарантино биднийг гайхшруулсаар л байна. Олон улсын кино театруудад наймдугаар сарын 15-нд нээлтээ хийсэн түүний шинэхэн бүтээл болох "Once Upon a Time in Hollywood" таныг нэгэн зэрэг ховстож бас цочроох болно. Хөгжилтэй, хачирхалтай, гоо зүйн хувьд үзэсгэлэнтэй энэ бүтээл нь амьдрал болоод урлагийг маш сонирхолтой байдлаар хослуулж чадсанаараа олон шүүмжлэгчдээс магтаал хүртээд байгаа юм. Гэхдээ бид энэ удаад кино найруулга, зохиол гэхээс илүүтэй Леонардо Дикаприо, Брэд Питт ба Марго Робби нарын дэлгэцнээ амилуулсан гайхалтай төрхүүдийн талаар ярилцахыг хүслээ. 1960-аад оны сүүл болон 70-аад оны эхэн үеийг харуулдаг уг кино нь биднийг эргээд винтэж, ретро стильд автахад хүргээд байна. Трапеци хэлбэрийн жийнс, тэйлор эсгүүртэй савхин хүрэм, тод өнгөнүүд, мини юбканууд гээд энэ намрын улиралд бид 70-аад оноор амьсгалах нь гарцаагүй.


Хоолойтой цамц ба мини юбка

Once Upon a Time in Hollywood ба 70-аад оны гайхалтай загварууд (фото 1)

Хоолойтой цамцыг мини юбка болон шилбэний голд ирэх түрийтэй гуталтай хослуулж өмсөх нь 70-аад оны хамгийн алдартай стилистик аргачлал юм.

 

Once Upon a Time in Hollywood ба 70-аад оны гайхалтай загварууд (фото 2)

Судалтай футболка ба жийнс

Шар, улаан, улбар шар, ногоон гэх өнгөнүүдийг өөртөө нэгтгэдэг 70-аад оны судалтай хээнүүд ретро, хиппи уур амьсгал цацруулж, маш тухтай харагддаг. Тэр дундаа жийнсэн өмд, шоорт эсвэл юбкатай хослуулсан үед төгс зохицол бүрдэнэ.


Могойн арьсан хээ

Шар туяатай могойн арьсан хээ нь 70-аад оны Холливүүдийг илтгэдэг гол зүйлсийн нэг юм. Энэ намрын улиралд ч бас могойн арьсан хээтэй гутал, цүнх, өмд ба хүрэм зэрэг загварууд street style-д ноёрхож байгаа харагдана.

 

Харрингтон хүрэм

Once Upon a Time in Hollywood ба 70-аад оны гайхалтай загварууд (фото 3)

Анх 1930 онд танилцуулагдаж байсан Харрингтон хүрэм нь 70-аад онд ч, одоо ч эрчүүдийн шүүгээн дэх сонгодог загвар хэвээр байна. Хөнгөн, богино, минимал хийцтэй энэ хүрэм нь брюк өмд эсвэл жийнс гээд ямар ч загвартай зохицдог давуу талтай тул эрчүүд дуртай байдаг билээ.


Хавай цамц

Once Upon a Time in Hollywood ба 70-аад оны гайхалтай загварууд (фото 4)

Хавай цамцны чөлөөтэй, тайван, хайхрамжгүй хэв маяг энэ загварт татагдах гол хүчин зүйл болдог. Энэ цамц нь эргээд моданд ороод удаж байгаа ч одоо Брэд Питт дэлгэцнээ өмссөн тул бүр ч эрэлттэй болох нь гарцаагүй. Дотор нь цагаан футболка өмсөж, трапеци жийнсэн өмдтэй хослуулаад Питт шиг хотын гудамжаар хайнга алхах л үлдлээ дээ.


Орчин үеийн ковбой

Once Upon a Time in Hollywood ба 70-аад оны гайхалтай загварууд (фото 5)

Загварын салбарт ковбойчуудын хэв маяг, үүнтэй холбоотой деталиуд үргэлж л ихэд эрхэмлэгддэг. Энэ стилийг хэрэгжүүлэхийн тулд ковбой малгай өмсөн морин дээр мордох шаардлагагүй ч бүхэлдээ жийнсэн төрх бүрдүүлж болох юм.


Тэйлор эсгүүртэй савхин хүрэм

Once Upon a Time in Hollywood ба 70-аад оны гайхалтай загварууд (фото 6)

Сайн чанарын савхин хүрэм нь хүн бүрт зайлшгүй байх хэрэгтэй бидний шүүгээний суурь загваруудын нэг юм. Гэхдээ уламжлалт байкер хүрэмтэй харьцуулбал Дикаприогийн өмссөн шиг тэйлор эсгүүртэй бор хүрэм яг одоо жинхэнэ загварлаг сонголт болно.


Тансаг гэрийн хувцас

Once Upon a Time in Hollywood ба 70-аад оны гайхалтай загварууд (фото 7)

Хүмүүсийн нүдэнд сайхан харагдахыг хүсэхээс илүүтэй өөр өөртөө сайхан мэдрэмж төрүүлэн, өөрийн биедээ тухтай байх нь хамгаас илүү үнэ цэнэтэй. Тэгэхээр гэртээ ч цэмцгэр орчинд тансаг гэрийн хувцастай тухлах нь танд өөрийгөө яг л Дикаприо шиг мэдрэхэд тусална.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх