Шинэ жилийн үдэшлэгт давамгайлах өнгө: Улаан
Жижиг хар даашинз эмэгтэйчүүдийн хувцасны шүүгээнд заавал байх ёстой гэдэг шиг улаан өнгө загварын салбарт дутахааргүй том орон зай эзэлдэг билээ. Синди Кроуфордын 1991 оны Оскарын наадам дээр өмсөж байсан ардаа оноотой даашинз, Жулиа Робертсын “Pretty Woman” дээрх цагаан бээлийтэй хослуулсан домогт төрх гээд сэтгэлд хоногшсон улаан даашинзнуудыг нэрлээд дуусашгүй. Классикуудын эгнээнд багтдаг энэхүү өнгө нь намар-өвөл 2023 болон хавар-зун 2024 улирлын цуглуулгад давамгайлсан бөгөөд шинэ жилийн үдэшлэгт шинэлэг зүйл эрэлхийлж буй хүмүүс улаан өнгөнд анхаарлаа хандуулаарай.
Загварын долоо хоногуудын үеэр тэгш бус хэмтэй миди даашинзыг Stella McCartney, элсэн цаг хэлбэрийн эсгүүртэй өвөрмөц хувилбарыг Bottega Veneta, нэвт гэрэлтсэн секси загварыг Gucci толилуулсан билээ. Мөн дан ганц даашинз гэлтгүй мини юбка болон сорочкан цамцны хослолыг Valentino брэнд харуулсан юм.
Улаан өнгийг брэндүүд загварчлахдаа ихэвчлэн хар аксесуартай хослуулжээ. Үүнд хар цүнх, хар гутал, хар зангиа зэрэг багтана. Нөгөөтээгүүр Gucci, Fendi, Prada загварын орднууд цэнхэр өсгийт, цагаан цүнх, нил ягаан mules, бор гуталтай хослуулж color-blocking буюу олон өнгийг зэрэгцүүлэн өмсөх аргыг хэрэгжүүлсэн байна.